“Чингис хаан: Монголчуудын ертөнц” үзэсгэлэн ирэх онд Берлинд нээгдэнэ
"Чингис хаан" үндэсний музейн захирал С.Чулуун Герман улсын Берлин хотын Өвөг түүхийн музейн захирал Маттиас Вемхоффтой энэ сарын 26-ны өдөр уулзаж ирэх онд гаргах “Чингис хаан: Монголчуудын ертөнц” үзэсгэлэнгийн бэлтгэл ажилтай танилцжээ. Мөн энэ үеэрээ музей хоорондын хамтын ажиллагааны хүрээнд хийгдэх гэрээ, каталог, дагалдах хөтөлбөр, зар сурталчилгааны талаар ярилцаж тохиролцсон бөгөөд Өвөг түүхийн музейн захирал Маттиас Вемхофф үзэсгэлэнгийн бэлтгэл хэвийн явагдаж байгааг музейн захирал С.Чулуунд мэдэгдсэн байна. Хоёр улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Берлиний Симон галерейд гарах тус үзэсгэлэнг анх 2024 онд гаргахаар тохиролцож байв. Сонирхуулахад, "Чингис хаан" үндэсний музей нь 2023 онд Франц улсын Нантын түүхийн музейд Чингис хааны тухай олон улсын үзэсгэлэн, 2024 онд Европын улс орнуудад хадгалагдаж байгаа Монголын эзэнт улстай холбоотой ховор нандин дурсгалууд багтсан “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэнг эх орондоо дэлгэж, 2025 онд Чехийн Прага хотноо “Чингис хаан” үзэсгэлэн, Японы Осака хотноо “World expo-2025” үзэсгэлэнд Монголын эзэнт гүрний түүхийг харуулсан үзмэрүүдээрээ оролцсон юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







