Цаг уурч С.Жавзмаа Ази, Номхон далайн орнуудын хурлын шилдэг илтгэгч болжээ
Хятадын Чиндао хотноо болсон Ази, Номхон далайн орнуудын цаг уурын хиймэл дагуул хэрэглэгчдийн хуралд Монголоос Цаг уур орчны шинжилгээний газар, Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн цаг уурч, мэргэжилтнүүд оролцжээ. Хурлын эхний өдөр Монголын төлөөлөгчид цаг уурын салбарт хиймэл дагуулын мэдээ ашиглагч орнуудыг төлөөлөн мэдээлэл хийсэн бол хоёр дахь өдөр цаг уурч С.Жавзмаа “Latest Progress in Satellite Applications and Services” сэдвээр, УЦУОСМХ-ийн ажилтан Х.Болормаа “Utilization and future perspectives of meteorological satellites in Mongolia” сэдвээр тус тус илтгэл тавьжээ. Тэд хиймэл дагуулын мэдээнд үндэслэн цаг уурын үйлчилгээ үзүүлэх арга зүй, хэрэглэгчдэд мэдээлэл хүргэх талаар танилцуулж, цаг уурын мэдээллийг илүү хүртээмжтэй хэлбэрээр түгээх ажлын үр дүн, туршлагаасаа хуваалцсан байна. Мөн илтгэлд хиймэл дагуулын мэдээг ашиглан хөдөө аж ахуй, байгаль орчны хяналт, зудын эрсдэлийн үнэлгээ хэрхэн хийдэг болон эдгээрийн давуу, сул талуудыг онцлон дурдаж, Монгол улсад энэ чиглэлээр хийгдэж буй судалгааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгчээ. Улмаар цаг уурч С.Жавзмаагийн тавьсан сэдэв хурлын онцлох илтгэлүүдийн нэгээр шалгарч, зохион байгуулагчдын шагнал хүртсэн байна. Түүнчлэн олон орны судлаачид хурлын үеэр "Фэнгюн" хиймэл дагуулын мэдээ хүлээн авах системийн шинэчлэл, аж үйлдвэр болон орчны шинжилгээний салбарт хэрэглэх туршлагын талаар илтгэл тавьсан бөгөөд хиймэл дагуулын өгөгдөлд бодит хугацааны мониторинг хийж, урьдчилсан мэдээ боловсруулах, байгаль орчны өөрчлөлтийг хянахад хэрхэн үр дүнтэй ашиглаж болох талаар жишээ, тоон мэдээллүүдийг танилцуулсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







