“Түүхээс ирээдүй рүү” олон улсын энхийн хэлэлцүүлэг болов
Дэлхийн II дайны ялалтын 80 жилийн ой ба Халхголын дайны 86 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан “Түүхээс ирээдүй рүү” олон улсын энхийн хэлэлцүүлэг МУИС-ийн эрдэм шинжилгээний хурлын танхимд амжилттай болж өнгөрлөө. Түүхэн сургамжийг хойч үедээ түгээх, энхийн үнэ цэнийг сэргээн сануулах зорилготой уг хуралд эрдэмтэн судлаачид илтгэл тавьж, ахмад дайчид дайны сургамжийн талаар сэтгэгдлээ хуваалцаж “Дайны жилүүдийн түүх” баримтат киноны уран бүтээлчид төгсгөлийн зураг авалтаа хийсэн байна. Тухайлбал, түүхийн ухааны доктор, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратегийн судалгааны хүрээлэнгийн мэргэжилтэн, дэд хурандаа Т.Сүхбаатар ”Халхголын дайны дурсамж ба энхийн уриалга”, Батлан хамгаалах яамны дэргэдэх Г.Жуковын дурсгалын музейн захирал, хэл шинжлэлийн магистр, дэд хурандаа Д. Амартайван “Халхголын дайны үеийн эрүүл мэнд, эмнэлгийн үйлчилгээ”, сэтгүүлч, найруулагч, продюсер Ж.Пүрэвдаваа “Архивт хадгалагдсан дайн: Халхголын түүхийг орчин үеийн дижитал сэтгүүлзүйд сэргээх нь”, Дорнод аймгийн гадаад харилцааны ахмад ажилтан, түүхч, магистр Д.Ганболд "Дайны гэмт хэрэгтнүүдийг шүүсэн Токиогийн олон улсын шүүх хурал”, МУИС-ийн багш, доктор, дэд профессор Л.Хэрлэн “Дайны жилүүдийн түүхэн үйл явдлын соёлын өвд үлдсэн нөлөө” сэдвээр илтгэл тавьсан байна. Мөн соёлын өв, кино судлалын мэргэжилтэн, “Abudai Film” кино студийн найруулагч, продюсер Ч.Оюундэлгэр “Дайны жилүүдийн түүх” баримтат киноны үйлдвэрлэлийн явцыг танилцуулж, уг кинонд ахмад дайчдын дурсамжийг тусгаж буй талаараа ярьжээ. Мөн Дорнод аймгаас ахмад дайчин Я.Өсөх, Дархан хотоос ахмад дайчин Б.Шагдар оролцож өөрсдийн байлдаж явсан Жэхэ, Долоннуур, Манжуур, Харбин, Жанчхүүгийн даваа зэрэг газруудаар очиж, уг киноны түүхэн өгүүлэмжийг баяжуулах санаагаа хуваалцлаа. Хэлэлцүүлгийн эцэст "Дайны жилүүдийн түүх” баримтат киноны уран бүтээлчид, 102 настай хоёр ахмад дайчныг БНХАУ-д айлчлуулж, байлдаж явсан газруудаар нь аялуулан, киноныхоо төгсгөлийн зураг авалтад оролцуулах бололцоо олдоно хэмээн найдаж байгаагаа илэрхийлжээ.
Ахмад дайчин Я.Өсөх, Б.Шагдар нар.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







