“Google Pay” үйлчилгээг Монгол улсад нэвтрүүллээ
Дэлхийн хамгийн олон оронд хэрэглэгддэг төлбөрийн системийн нэг “Google Pay” үйлчилгээг Монгол улсад албан ёсоор нэвтрүүлснээ Худалдаа хөгжлийн банк өнөөдөр зарлалаа. Ингэснээр тус банкны виртуал “Master card” болон T карттай харилцагчид “Google Pay”-д картаа холбож, Android үйлдлийн системтэй гар утсаараа бүх төрлийн төлбөр хийх боломжтой болж байна. “Худалдаа хөгжлийн банк инновацын чиглэлээр олон улсын түвшинд өрсөлдөхүйц шийдлүүдийг тасралтгүй нэвтрүүлж ирсэн. “Google Pay” бол хэрэглэгчдэдээ илүү хялбар, аюулгүй, ухаалаг санхүүгийн үйлчилгээ үзүүлэх манай ээлжит алхам юм" гэж тус банкны гүйцэтгэх захирал О.Орхон нээлтийн арга хэмжээний үеэр хэлжээ. “Google Pay” үйлчилгээг өнөөдөр дэлхийн 97 оронд хэрэглэж байна. “Google” компаниас “Google Wallet” нэрээр анх 2011 онд зах зээлд нэвтрүүлсэн энэ үйлчилгээ 2015 онд “Android Pay” нэртэй болсон бол 2018 онд “Google Pay” болж өөрчлөгдсөн юм. Түүний шууд өрсөлдөгч “Apple” компанийн “Apple Pay” үйлчилгээ анх 2014 онд зах зээлд гарч ирсэн билээ. Уг үйлчилгээ АНУ, Канад, Их Британи зэрэг хөгжингүй зах зээлд хэрэглэгчдийн ихэнх хувийг хамардаг бөгөөд Монголд өнгөрсөн оны 12 дугаар сард нэвтэрсэн юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







