Ундааны үйлдвэрт цэвэрлэсэн хаягдал усыг дулааны станцад хэрэглэж эхэлжээ
Улаанбаатар хотын зүүн бүсийн хэрэглэгчдийг дулаанаар хангадаг "Амгалан" дулааны станц "М-Си-Эс Кока-Кола" компанийн үйлдвэрт цэвэрлэсэн хаягдал усыг хэрэглэж эхэлжээ. Тодруулбал, Дулааны станцаас 2.5 км зайд байрлах үйлдвэрт цэвэрлэсэн усыг нийлүүлэхээр "М-Си-Эс Кока-Кола" компани 3.5 тэрбум төгрөгийн шугам хоолой, нэмэлт тоног төхөөрөмжийг өөрийн хөрөнгөөр суурилуулан "Амгалан" станцад хүлээлгэн өгсөн байна. Ингэснээр станц нь технологийн хэрэгцээний усны 40 хувь буюу 120 мянган метр куб усыг үйлдвэрээс авна. Энэ нь жил бүр 600 мянган хүний нэг өдрийн усны хэрэглээтэй дүйцэхүйц газрын доорх усны нөөцийг хамгаалах ач холбогдолтой ажээ. Тус станцын хувьд өөрийн технологийн хэрэгцээний хаягдал усаа үйлдвэрлэлийн шат дамжлагад эргүүлэн ашигладаг байсан бол үүн дээр нэмээд гадны эх үүсвэрээс ийнхүү хэрэглэдэг болсноор технологийн хаягдал усгүй станц болох ажээ. Сонирхуулахад, "М-Си-Эс Кока-Кола" компани хаягдал ус цэвэрлэх байгууламжаа 2010 онд ашиглалтад оруулсан бөгөөд энэ удаагийн төслийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны хүсэлтээр Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







