Эрдэнэсийн сан хөмрөгийг баяжуулахад хоёр тэрбум төгрөг зарцуулжээ
Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт Монгол Улсын Эрдэнэсийн сангийн 2025 оны орлого, зарлагын гүйцэтгэлийг УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд өчигдөр танилцууллаа. Улсын төсөвт энэ онд Эрдэнэсийн сангийн сан хөмрөгийг нэмэгдүүлэх зорилгоор хоёр тэрбум төгрөг тусгажээ. Уг хөрөнгийг түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлс болон алт худалдан авах, урлагийн бүтээл захиалан хийлгэх, археологи, түүхийн судалгааны байгууллагатай хамтран ажиллахад зарцуулахаар төлөвлөсөн байна. Энэ хүрээнд “Жанрайсаг бурхан”-ыг Эрдэнэсийн санд бүртгэн авсан байна. Мөн Монголбанкны хадгалж буй 162 нэр төрлийн дурсгалын зоосыг дээж болгон санд орлогоор бүртгэжээ. Тухайлбал, 1945 оны 2000 ширхэг зоосон мөнгөн тэмдэгт, “Хүндэт банкир” тэмдгийг үндсэн сангийн байнгын бус хэсэгт бүртгэсэн байна. Түүнчлэн Монголбанкны санаачилгаар үрлэн мөнгө, гулдмайг Эрдэнэсийн сангийн гүйлгээний зориулалтаар ашиглах хэсэгт орлогоор бүртгэжээ. Үүний зэрэгцээ тус сангаас дурсгалын зоос, алт, мөнгөн гулдмай, үрлэн мөнгийг борлуулсан байна. Цаашид Эрдэнэсийн сангийн сан хөмрөгийг нэмэгдүүлэх хүрээнд дээрх чиглэлүүдэд дахин хоёр тэрбум төгрөг төсөвлөхөөр тусгасан талаар Монголбанкны ерөнхийлөгч онцолжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







