Дулааны V цахилгаан станцыг ирэх онд барьж эхэлнэ
Улаанбаатар хотын Дулааны тавдугаар цахилгаан станцын барилгын ажил ирэх онд эхэлнэ. Тус төслийг “Улаанбаатар түншлэл төв” ХХХ хувийн хэвшилтэй хамтарч хэрэгжүүлэхээр гүйцэтгэгчээр “Митайм Интернэйшнл” компанийг өнгөрсөн 10 дугаар сард шалгаруулсан бөгөөд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт ДЦС-2-ийн үнсэн сан дээр барихаар одоогоор газар чөлөөлөлтийн ажил явагдаж байгаа билээ. Дулааны тавдугаар станц нь 340 Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэх хүчин чадалтай байх бөгөөд хотын баруун бүс буюу Таван шар, 21 дүгээр хороолол, “Хилчин” хотхон, Баянхошуу, 3, 4 дүгээр хороолол, 1 дүгээр хорооллын 52800 өрхийг цахилгаанаар, 40800 өрхийг дулаанаар хангана. Энэ төслийг 42 жилийн дараа төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх гэж буйгаараа онцлогтой. Мөн эдийн засгийн үр өгөөж талаас 1600 гаруй ажлын байр шинээр бий болохоос гадна ашиглалтад орсны дараа 369 байнгын ажлын байр бий болох давуу талтай. Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







