Өвөр Монгол: Алтан улсын үеийн Цагаан хэрмийн үлдэгдлийг илрүүлжээ

Өвөр Монгол: Алтан улсын үеийн Цагаан хэрмийн үлдэгдлийг илрүүлжээ


   Өвөр Монголын Соёлын өв, археологийн хүрээлэнгийн эрдэмтэд 2025 онд Чифэн буюу Улаанхад хотын Хишигтэн хошуунд хийсэн малтлагаар 1115-1234 оны үед оршиж байсан Зүрчидийн Алтан улсын их хэрмийн үлдэгдлийг илрүүлсэн талаар “Global Times” сонин мэдээллээ. Судлаачид энэ олдворыг эртний улсуудын хамгаалах стратеги ямар байсныг ойлгоход хэрэгтэй шинэ материал боллоо хэмээн дүгнэжээ. Судалгааны багийг Өвөр Монголын эрдэмтэн Дандар ахалсан байна. Тэрбээр "Хэдийгээр байгалийн хүчин зүйл, хүний үйл ажиллагааны улмаас хэрмийн олон хэсэг ул мөргүй болсон ч малтлагаар илрүүлсэн 17 хэсэг хойдоос өмнөд рүү 92 км сунаж тогтсон байна" гэжээ. Түүнчлэн энэ их хэрэм нь Цагаан хэрэмтэй харьцуулахад хамгаалах зорилгоор газрыг гүн ухаж, өндөр хана босгосноороо огт ондоо болохыг судлаач Дандар тайлбарласан байна. Уг хэрмийг голын хөндий, уулын ам, тал нутаг зэрэг зэр зэвсэг, хоол хүнс тээвэрлэхэд саадгүй, цэрэг хуарагнахад таатай газруудыг сонгон байгуулжээ. Хэрмийг 1123-1198 оны хооронд 70 гаруй жилийн хугацаанд барьж дуусгасан гэж үздэг. Малтлагаар илрүүлсэн хэрмийн бүрэн бүтэн хэсгийн өргөн нь суурьтайгаа нийлээд 4-8 метр буюу дээшлэх тусам нарийссан бол газрын гадаргуугаас дээшх өндөр нь 0.6-4 метр хүртэл байсан байна. Алтан улсын үед байгуулсан их хэрэм Хармөрөн, Жилин, Хэбэй муж, Өвөр Монголын нутгийг дамнан орших ч нийт уртын 83 хувь буюу 3326.97 км нь Өвөр Монголд байдаг ажээ. Энэ хэрэм нь 7259.72 км урт Цагаан хэрмийн 46 хувийг эзэлдэг байна.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.