Сүүний лактозыг боловсруулж чаддаггүй хүмүүсийн эмгэгийг айргаар анагааж болохыг нээжээ
Сүүний сахар буюу лактозыг муу боловсруулдаг хүмүүс гүүний айргийг зохих хэмжээгээр уухад, боловсруулах чадвар эрс нэмэгддэгийг Монгол улсын Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн судлаачид тогтоосон талаар гадаад хэвлэлүүд мэдээлж байна. Айрганд агуулагддаг бактерийн тодорхой омог нь лактоз задлах чадварыг нэмэгдүүлэх бололцоотой фермент үйлдвэрлэдэг бөгөөд сүү зохидоггүй хүмүүс айргийг тогтмол хэрэглэснээр уусан сүү ердийн хүмүүсийнхтэй адилаар шингэдэг болж байгааг уг судалгаагаар тогтоожээ. Дэлхий нийтэд насанд хүрсэн хүмүүсийн 70 хувь нь лактозод хэт мэдрэг буюу сүү үл шингээх бие махбодын онцлогтой байдаг. Энэ нь сүү, сүүн бүтээгдэхүүнд агуулагдах сахарыг задалж, боловсруулж чадахгүй байх эмгэг юм. Сүүний уламжлалт хэрэглээтэй л биш бол олонх үндэстэнд сүү уухад ходоод дүүрэх, хий хуралдах, бөөлжих, гүйлгэх шинж тэмдэг илэрдэг байна. Тэгвэл айрганд агуулагддаг лактобациллус, стрептококкус зэрэг ховор омгийн бактериуд лактозыг боловсруулдаг ферментүүдийг асар олноор үйлдвэрлэдэг ажээ. Улмаар гүүний айргийг өдөр бүр 200 граммаар гурван сар уусан хүмүүсийн 80 хувьд сүү боловсруулах, задлах чадвар ердийн хэмжээнд хүрч байгаа нь уг судалгаагаар нотлогдсон байна. Ингэснээр, сүү шингээхгүй байх эмгэг нь төрөлхийн биш харин ашигтай бактерийг нэмэгдүүлэх замаар өөрчилж болох био орчны зохицуулалтын асуудал болохыг монгол эрдэмтэд дэлхийд анх удаа тогтоожээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







