Монгол улс Д.Трампын санаачилсан Энхийн зөвлөлд элслээ
АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампын санаачилсан Энхийн зөвлөлд (Board of Peace) Монгол улс албан ёсоор нэгдлээ. Швейцарын Давос хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын үеэр буюу өчигдөр Монгол улсын ерөнхий сайд Г.Занданшатар тус зөвлөлийн дүрэмд гарын үсэг зурснаар манай улс тус байгууллагын үүсгэн байгуулагч гишүүн болсон байна. “Монгол улс олон улсын тавцанд хариуцлагатай, энхийг дэмжигч улсын хувьд шинэ, уян хатан, үр дүнд чиглэсэн энх тайвны механизмыг дэмжих нь манай олон улсын байр суурийг бэхжүүлж, дуу хоолойгоо илүү тодорхой хүргэх боломжийг нээж өгөхийн зэрэгцээ аюулгүй байдал, тусгаар тогтнолоо олон улсын эрх зүйн хүрээнд улс төр, дипломатын аргаар хамгаалан бэхжүүлэх үйлсэд том алхам болов” хэмээн энэ талаар гаргасан Засгийн газрын мэдэгдэлд дурджээ. Энхийн зөвлөлд гишүүнээр нэгдсэн улс нэг тэрбум долларын хураамж төлөх ёстой боловч энэ нь Монгол улсад заавал хамаарах, эсвэл бодит дарамт учруулах нөхцөл биш хэмээн дээрх мэдэгдэлд онцлоод “Монгол улс ийм хэмжээнд санхүүгийн үүрэг хүлээх шаардлагагүй бөгөөд энгийн гишүүний хувьд гурван жилийн хугацаатай, сайн дурын үндсэн дээр, өөрийн боломж, сонирхолд нийцсэн хэлбэрээр зөвлөлийн үйл ажиллагаанд оролцох бүрэн боломжтой” гэжээ. Энхийн зөвлөлийн дүрэмд өнөөдрийн байдлаар Аргентин, Армени, Азербайжан, Казахстан, Унгар, Пакистан, Катар, Саудын Араб, Турк зэрэг 17 улсын төр засгийн тэргүүн, сайд нар гарын үсэг зураад байна. Энхийн зөвлөлийг Д.Трамп Газын зурвасыг хамтран удирдах зорилгоор энэ оны эхээр санаачилсан боловч үйл ажиллагаа нь илүү өргөн хүрээнд явагдах нь удахгүй тодорхой болсон юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







