Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийнханд сүү өгөх хөтөлбөр хэрэгжиж эхлэв
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчдын сүүний хэрэглээг тогтмолжуулах “Сүүн дархлаа” хөтөлбөрийг ерөнхий сайд Г.Занданшатар өнгөрсөн баасан гарагт албан ёсоор нээлээ. Нийслэлээс санаачлан хэрэгжүүлж буй энэ хөтөлбөрийн хүрээнд сурагчдад долоо хоногт гурван удаа сүү өгснөөр тэдний амин дэмийн хэрэгцээг хангаж, дархлааг дэмжих юм. Нийслэл, дүүрэг, эцэг эх, асран хамгаалагч гэсэн гурван талын оролцоотой хэрэгжих энэхүү хөтөлбөрт 170 гаруй сургуулийн 189600 сурагч хамрагдана. Бага насны хүүхдүүдэд сүү тогтмол өгснөөр тэдний амин дэм, эрдэс баялгийн дутагдлыг нөхөж, өсөлт хөгжлийг дэмжихийн зэрэгцээ ясны сийрэгжилтээс сэргийлж, амны хөндийн өвчлөлийг бууруулах ажээ. Хөтөлбөрт үндэсний үйлдвэрлэгчид сүү, сүүн бүтээгдэхүүнээ нийлүүлэх бөгөөд 2027 оноос “Сүүн дархлаа” хөтөлбөрт 6-12 дугаар ангийн сурагчдыг нэмж хамруулахыг зорьж байгаагаа нийслэлийн удирдлагууд нээлтийн үеэр танилцуулав. Хоол тэжээлийн үндэсний судалгааны дүнгээс үзвэл монгол хүүхдүүдийн сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөсөн хэмжээнээс 2,5 дахин бага байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







