Туульч Н.Дамдиндорж 2025 оны шилдэг өвлөн уламжлагч боллоо

Туульч Н.Дамдиндорж 2025 оны шилдэг өвлөн уламжлагч боллоо


   Монгол улсын Засгийн газраас 2018 онд баталсан тогтоолын дагуу жил бүр нэг өвлөн уламжлагчийг тодруулж мөнгөн шагналаар шагнадаг уламжлалтай билээ. Тэгвэл 2025 оны шилдэг өвлөн уламжлагчаар Ховд аймгийн Дуут сумын харьяат “Монгол тууль” өвийг өвлөн уламжлагч, найм дахь үеийн туульч Нацагийн Дамдиндорж шалгарсныг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас мэдээллээ. Н.Дамдиндорж нь урианхайн алдарт Заны Жилкэрийн удмын найм дахь үеийн туульч бөгөөд тууль хайлах болон цуур, товшуур хөгжим тоглохыг бага наснаасаа өвлөн суралцжээ. Улмаар 1992 оноос урианхай тууль болон цуур, товшуур хөгжмийг хүүхэд, залуучуудад тогтмол зааж, 750 гаруй шавь сургажээ. Мөн тэрбээр урианхай түмний тууль, цуур, магтаал, хошин яриа зэрэг эх хэл, аман уламжлал, язгуур урлагийн олон өвийг хойч үедээ өвлүүлэн үлдээхийн зэрэгцээ Төрийн тахилгат хайрхан, орон нутгийн овоо тахилгын ёслолд тууль хайлж, байгаль дэлхийгээ аргадах зан үйлийг язгуур хэв шинжээр нь түгээн дэлгэрүүлэх үйлсэд хувь нэмэр оруулж байгаа өвлөн уламжлагч юм. Мөн “Монгол тууль”, “Цуур хөгжмийн уламжлалт урлаг” өвийг ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгүүлэх ажилд идэвхийлэн оролцжээ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.