Англид буй Монголын түүх соёлын дурсгалуудаар ном гаргав
2014 онд эхэлсэн “Дэлхийд тархсан монгол өв” төслийн хүрээнд, Их Британид хадгалагдаж буй Монголын түүх соёлтой холбоотой дурсгалуудыг нэгтгэн харуулсан “Британи дахь Монголын түүх соёлын өв” номын нээлт өчигдөр “Чингис хаан” үндэсний музейд боллоо. Энэ номыг бүтээх ажлыг Монголын талаас “Чингис хаан” музейн захирал С.Чулуун, Английн талаас Монголын Бурхны шашныг судалдаг эрдэмтэн Сью Бөрн удирдсан бөгөөд Их Британийн эзэн хааны Азийн нийгэмлэг, Кэмбрижийн их сургууль, Эдинбург, Британийн их сургуулийн номын сан, Британийн музейн судлаачид хамтран оролцсон байна. Номонд Юань гүрний үеийн монгол цэргийн байлдааны хэрэгсэл бороохой, Ил хаант улсын үеийн монгол хатны цүнх, Өндөр гэгээн Занабазарын Дэмчигмандал бурхан, Их Британийн хаан V Жоржид Сайн ноён хан Намнансүрэнгийн илгээсэн захидал болон Цагаадайн улс, Юань гүрний үеэс XX зууны эхэн үе хүртэлх түүхэнд хамаарах олон эд зүйлийг түүвэрлэн оруулсан байна. “Дэлхийд тархсан монгол өв” төслийн хүрээнд өнгөрсөн 12 жилийн хугацаанд ОХУ, Унгар, Дани, Япон, Тайвань, Норвеги, Герман зэрэг орнуудад буй монголчуудтай холбоотой түүх соёлын дурсгал, эд өлгийн зүйлсийг судлан монгол, англи, орос хэлээр хэвлүүлсэний 13 дахь боть нь энэ болж байгаа юм.
“Дэлхийд тархсан монгол өв” төслийн хүрээнд 2004 оноос хойш нийт арван гурван боть ном бүтээжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







