Бортээгийн ордод тендер зарлалаа
Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахад хамтран ажиллах хөрөнгө оруулагчийг сонгох сонгон шалгаруулалт зарлаж байгаагаа "Эрдэнэс Тавантолгой" ХК өнөөдөр мэдээллээ. Компанийн зүгээс ордын нэгдсэн ТЭЗҮ-ийг 2026 оны нэгдүгээр улиралд багтаан шинэчлэн батлуулахаар зэхэж буй бөгөөд хуулах хөрсний хэмжээ 868.3 сая м³, нийт уулын цулын хэмжээ 1 тэрбум 171.3 сая м³, нийт нүүрсний нөөцийг 424.2 сая тонн хэмээн тогтоосон байна. 2020 онд батлагдсан ТЭЗҮ-ээр олборлолтын хүчин чадлыг жилд 2–15 сая тонноор тогтоожээ. Нөөцийн 95 хувь нь сул коксжих нүүрс бөгөөд одоогийн Баруун, Зүүн цанхийн хэсгүүдэд олборлож буй хатуу коксжих болон сул коксжих нүүрстэй харьцуулахад чанарын үзүүлэлт доогуур аж. “Сонгон шалгаруулалтаар шаардлага хангасан хөрөнгө оруулагчийг тодруулсан тохиолдолд асуудлыг УИХ-д танилцуулна. Бүх үйл явц УИХ, Засгийн газрын хяналт дор, олон нийтэд нээлттэй, ил тод, олон улсын зарчмын дагуу хэрэгжинэ” хэмээн “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Даваадалай мэдээлжээ. Бортээгийн ордоос Монгол улсын хүртэх өгөөж 51 хувиас дээш байх, ингэхдээ дэлхийн зах зээл дээр бүтээгдэхүүний үнэ өсөх тусам өгөөж нэмэгдэх санхүүгийн загварыг сонгосон болохоо тэрбээр мөн онцолсон байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







