Дуучин Э.Амартүвшинд Италийн төрийн одон хүртээхээр болжээ
Ардын жүжигчин, дуурийн дуучин Э.Амартүвшинд Италийн ерөнхийлөгчийн зарлигаар тус улсын төрийн шагнал “Ordine della stella d'Italia” одон олгохоор болжээ. Энэ талаар Итали улсаас Монгол улсад суугаа Элчин сайд Жованна Пиккаррета “Чингис хаан” үндэсний музейд өчигдөр болсон үзэсгэлэнгийн нээлтийн үеэр албан ёсоор мэдэгдсэн байна. 2009-2016 онд Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрт дуучнаар ажиллаж байгаад эдүгээ Италид ажиллаж буй Э.Амартүвшин Итали, Франц, Герман, Австри зэрэг олон орны тайзнаа дэлхийн сонгодог “Кармен”, “Евгений Онегин”, “Травиата”, “Риголетто”, “Тоска” зэрэг дууриудад тоглон дэлхийн шилдэг баритонуудын эгнээнд хүрсэн дуучин юм.
Дэлхийн II дайны дараа Итали орныг сэргээн босгоход жинтэй хувь нэмэр оруулсан хүмүүсийг шагнаж ирсэн Италийн эв нэгдлийн одонг 2011 онд “Ordine della stella d'Italia” хэмээн өөрчилж, Итали улсыг гадаад орнуудтай найрсгаар хамтран ажиллахад хувь нэмэр оруулсан дотоод, гадаадын иргэдийг шагнадаг болжээ. Шагнал олгох зөвлөл дөрвөн гишүүнтэй бөгөөд Гадаад хэргийн сайд уг зөвлөлтэй зөвшилцсөнөөр шагнал хүртээх хүний нэрийг ерөнхийлөгчид өргөн мэдүүлж, эцсийн шийдвэрийг ерөнхийлөгч гаргадаг журамтай юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







