UNICEF-ийн Монгол дахь суурин төлөөлөгчөөр Австрийн иргэн томилогдлоо
Беате Дастел Гадаад харилцааны яамны төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшигт итгэмжлэх захидлаа өргөн барьж буй нь. © x.com/UNICEFRepMN

UNICEF-ийн Монгол дахь суурин төлөөлөгчөөр Австрийн иргэн томилогдлоо


 

   НҮБ-ын Хүүхдийн сангийн (UNICEF) суурин төлөөлөгчөөр Монголд томилогдсон Беате Дастел үүрэгт ажилдаа албан ёсоор орж, итгэмжлэх захидлаа Монгол улсын Гадаад харилцааны яамны төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшигт өргөн барилаа. Австри улсын иргэн Б.Дастел нь олон улсын хөгжлийн салбарт 20 гаруй жил ажилласан арвин туршлагатай бөгөөд стратегийн төлөвлөлт, хяналт, үнэлгээний чиглэлээр мэргэшсэн шинжээч юм. Тэрбээр манай улсад томилогдохоосоо өмнө Жибути улс дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгчөөр ажиллаж байснаас гадна Лаос, Бутан улсуудад олон улсын байгууллагын удирдах албан тушаал хашиж байжээ. Мөн Косово, Бурунди улсуудад байгууллагын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр ажиллаж байсан байна. Б.Дастел Венийн их сургууль, Венийн дипломатын академийг дүүргэжээ. Ажлаа авсан тухай X хуудсандаа өчигдөр бичихдээ тэрбээр “Монголд ирж ажиллахыг мөрөөддөг байлаа. Үнэхээр их баяртай байна” гэжээ.

   Б.Дастел 2021-2026 оны эхэн үе хүртэл НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгчөөр ажилласан Эваристи Куасси-Комланы халааг авч байна. Того улсын иргэн Э.Куасси-Комлан Монголд ажиллах хугацаандаа хүүхдийн эрхийг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлт болон агаарын бохирдлын хүүхдийн эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах чиглэлд онцгой анхаарал хандуулан ажилласан юм. Түүнчлэн тус байгууллагын үйл ажиллагааг Монгол улсын 21 аймагт хүртээмжтэй болгож, түншлэл, хамтын ажиллагааг улс даяар өргөжүүлэхэд манлайлан ажилласан билээ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.