Турк: Тэмцээний үеэр бөмбөгт оногдож ухаан алдсан цахлайн амийг аврав

Турк: Тэмцээний үеэр бөмбөгт оногдож ухаан алдсан цахлайн амийг аврав


   Туркийн Истанбул хотод болсон сонирхогчдын хөлбөмбөгийн тэмцээний үеэр үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөсөн сонирхолтой явдал болжээ. Тоглолтын 22 дахь минутад “Istanbul Yürdum Sports” багийн хаалгач Мухаммет Уяникийн өшиглөсөн бөмбөг агаарт нэлээд өндөр хөөрөх үед талбайн дээгүүр нисэж явсан цахлай шувуу оногдон газарт унажээ. Тамирчид бүгд гайхан, тоглолт түр зогссон бөгөөд цахлай үхсэн мэт хөдөлгөөнгүй хэвтсээр байв. Энэ үед тус багийн ахлагч Гани Катан гүйж ирээд цахлайн цээжинд иллэг, хиймэл амьсгаа хийжээ. Улмаар бусад тоглогч мөн гар бие оролцон зөөлөн иллэг хийснээр удалгүй цахлай амь орсон бөгөөд Г.Катан түүнийг тэвэрч гүйсээр эмнэлгийн багт хүлээлгэн өгсөн байна. Энэ явдалд сэтгэл нь маш ихээр хөдөлсөн үзэгчид алга ташин уухайлжээ. Удалгүй энэ явдлын тухай дүрс бичлэгийг багийн Инстаграм хуудсан дээр байршуулж, "Багийн ахлагч Гани Катан цахлайн амийг аварлаа" гэсэн тайлбар хийжээ. Тэр өдөр “Istanbul Yürdum Sports” баг хожигдсон ч Г.Катан "Бид аваргын цомоо алдсан ч амьтны ​​амь аварсандаа баяртай байна. Амь гэдэг бол аварга цолноос илүү үнэ цэнтэй зүйл” гэсэн байна.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.