ЮНЕСКО-гийн ерөнхий захирал асан Одри Азулэйг "Найрамдал" медалиар шагнажээ
Цагаан сарын баярыг тохиолдуулан зарим иргэнд Монгол улсын төрийн дээд одон, медаль гардуулах ёслол манай улсаас Франц улсад суух Элчин сайдын яаманд болсон байна. 25-ны лхагва гарагт болсон уг ёслолын эхэнд, Монгол-Францын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан ЮНЕСКО-гийн ерөнхий захирал асан Одри Азулэйг "Найрамдал" медалиар шагнасныг Элчин сайд У.Нямхүү гардуулжээ. Мөн Францын "Тахь" төрийн бус байгууллагын ажилтан Камий Фавьэр, Себастьян Картон дө Граммон, Флориан Друар нарыг “Найрамдал” медалиар шагнасан байна. Франц улсад үндэсний урлаг, уламжлалт өв соёлоо түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулж буй хөгжимчин Б.Базаррагчаа, ЭСЯ-ны аж ахуйн эрхлэгч, жолооч Ц.Оймандах нарыг "Алтан гадас" одонгоор, Монгол шагайн харвааны холбооны Франц дахь салбарын тэргүүн А.Баярхүүг Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнажээ. Засгийн газрын шагнал "Соёлын тэргүүний ажилтан" цол тэмдгээр "Уруулын будаг" хамтлагийн гишүүн, дуучин С.Ганчимэг, морин хуурч Д.Мандахжаргал нарыг шагнасан байна.
Монгол улсаас Франц улсад суугаа Элчин сайд, ЮНЕСКО-гийн дэргэд суух Байнгын төлөөлөгч У.Нямхүү шагнал гардуулах үеэр үг хэлэхдээ, хоёр улсын дипломат харилцааны 60 жилийн түүхэн ойг өнгөрсөн онд тэмдэглэснийг онцлоод Монгол-Францын найрамдалт харилцаа, олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхэм хүмүүст Монгол улсын ерөнхийлөгчийн нэрийн өмнөөс халуун баяр хүргэжээ. Ялангуяа ЮНЕСКО-гийн ерөнхий захирлаар найман жил ажилласан хатагтай Одри Азулэйд хандан, ажиллах хугацаандаа Монгол улсын байгаль, соёлын өвийг хамгаалах, дэлхий дахинд сурталчлах, боловсрол, шинжлэх ухааны хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад онцгой үүрэг гүйцэтгэснийг талархан тэмдэглэсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







