Нью-Йорк хотын дарга Иранд хийсэн АНУ-ын халдлагыг эрс шүүмжлэв
Нью-Йорк хотын анхны мусульман шашинт дарга Зохран Мамдани Иран руу хийсэн АНУ болон Израилийн халдлагыг буруушааж, "хууль бус" хэмээн шүүмжлэв. Израилиас гадна дэлхийн хамгийн олон еврей хүн амтай Нью-Йорк хот болзошгүй нөхцөл байдал үүсэхээс сэргийлж гол байгууламжуудынхаа аюулгүй байдлыг чангатгажээ. Хотын дарга З.Мамдани X хуудсандаа нийтэлсэн мэдэгдэлдээ "АНУ, Израилийн халдлага нь хууль бус түрэмгий дайн юм. Тэд Ираны олон хотыг бөмбөгдөж, энгийн иргэдийн амь насанд халдаж байна" хэмээгээд, Ираны дэглэмийг түлхэн унагаах Д.Трампын засаг захиргааны алхмыг эрс шүүмжилжээ. Энэтхэг цагаачийн гэр бүлд төрсөн З.Мамдани нь мусульман шашинтан бөгөөд хотын даргаар сонгогдож тангараг өргөхдөө Библийн оронд исламын Коран судар дээр гараа тавьсан юм. З.Мамданигаас гадна түүний улс төрийн үзэл санаа нэгтэн болох Ардчилсан намын төлөөлөгч Александриа Окасио-Кортес мөн Д.Трампын бодлогыг шүүмжилжээ. Тэрбээр "Америкийн ард түмэн ерөнхийлөгчийн өдөөн хатгалгаар хүсээгүй дайнд татагдан орж байна. Энэ дайн бол хууль бус. Хүчирхийлэл хэзээ ч ардчиллыг бий болгодоггүй” гэжээ. Өчигдөр Нью-Йорк хотын цагдаагийн газар шашин шүтлэг, соёлын болон дипломат байгууламжуудын аюулгүй байдлыг чангатгаж буйгаа мэдэгдсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







