Ираны Дээд удирдагч Али Хаменеи гэж хэн байв?

Ираны Дээд удирдагч Али Хаменеи гэж хэн байв?


   АНУ Иранд цохилт өгснөөс хойш удалгүй Дээд удирдагч Али Хаменеи алагдсан болохыг Д.Трамп өөрийн биеэр мэдэгдсэн. Д.Трампын засаг захиргаа ердөө хоёр сарын дотор, дарангуйлагч эрх мэдэлд хамгийн олон жил сууж, Америкийн эсрэг хөдөлгөөнийг манлайлж ирсэн Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуро болон Ираны Дээд удирдагч Али Хаменеи нарын дэглэмийг нураасан гэдгийг тэрбээр онцолсон юм.

   Иран улсад хаа сайгүй хоёр хүний хөрөг өлгөөтэй байдаг. Нэг нь Барууны талыг баримтлагч Пахлавигийн засгийг 1979 онд түлхэн унагааж, одоогийн теократ дэглэмийг байгуулан 10 жил засагласан, Ираны анхны удирдагч Рухолла Хомейни бөгөөд тэрбээр 1989 онд нас барах хүртлээ тус улсыг удирдаж байв. Нөгөөх нь түүний залгамжлагч Али Хаменеи бөгөөд 1989 оноос өнөөг хүртэл засгийн эрх мэдлийг тасралтгүй атгаж ирсэн юм. Иран улсад Дээд удирдагч бол ард түмнээс сонгогдсон ерөнхийлөгчөөс илүү эрх мэдэлтэн, улсын нэгдүгээр зэргийн удирдагч юм. Дээд удирдагчийг Үндэсний Ассамблей сонгодог бөгөөд хууль тогтоох, шүүх, гүйцэтгэх засаглалыг удирдана. Түүгээр үл барам зэвсэгт хүчнийг удирдах, дайн зарлах, ерөнхийлөгчийг батлах, огцруулах бүрэн эрх мэдэлтэй. Ийм үнэмлэхүй эрх мэдэлтэй хэдий ч Дээд удирдагч үндсэндээ Бурханыг төлөөлдөг шашны зүтгэлтэн юм. Ийм учраас Ираны дэглэмийг теократ гэж нэрлэдэг. Барууныг дэмжигч Пахлавигийн дэглэмээс хойш Али Хаменеи нь Ираныг исламын фундаменталист улс болгохыг зорьж  ирсэн байна. 1939 онд төрж, энэ жил 87 нас хүрсэн А.Хаменеи нь исламын шашны шийт урсгалыг шүтдэг, угсаа гарлын хувьд перс биш, харин үндэсний цөөнх болох азербайжан үндэстэн ажээ.

   Хорасан-Разави мужийн Машхад хотод төрсөн тэрбээр төрөлх хотдоо ахлах сургуулиа төгсөж, Ирак дахь Нажаф хотын исламын шашны сургуулийг дүүргэжээ. Улмаар Ираны хоёр томоохон шашны хот болох Кум, Машхадын хооронд аялж, засгийн газрын эсрэг ажиллагаанд идэвхтэй оролцож, хэд хэдэн удаа шоронд хоригдсон байна. 1978 онд исламын бүлэглэлүүд хүчээ авч байх үед тэрбээр Исламын соёлын холбоо хэмээх байгууллагыг үүсгэн байгуулж, дараа жил нь Р.Хомейнигийн удирдсан Исламын хувьсгалт зөвлөлд элсэж, улмаар уг байгууллагыг тэргүүлэх болжээ.

   1979 онд исламын фундаменталистууд засгийн эрх мэдлийг булаан авсны дараа А.Хаменеи Дээд удирдагчийг дэмждэг элит цэргийн байгууллага болох Хувьсгалт гвардийн командлагч, Батлан ​​​​хамгаалахын дэд сайдаар томилогдсон байна. Эдгээр албан тушаалыг хашиж байхдаа тэрбээр Р.Хомейнигийн гол дэмжигч, хамтрагч болжээ. Үүний дараа нийслэл Тегеранд болдог баасан гарагийн залбирлыг удирдаж, Ираныг шашингүй үзлээс исламын фундаменталист улс руу шилжих үйл явцыг удирдсан байна. Хожим нь тэрбээр анхны Үндэсний Ассамблейн гишүүн, Исламын бүгд найрамдах намын даргаар ажиллаж байгаад 1981, 1985 онуудад ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллажээ. Энэ үед Исламын бүгд найрамдах улсын анхны ерөнхийлөгч Абдулхасан Бани Садр (1980-1981) эрх баригч намын доторх тэмцлийн үеэр фундаменталист хүчинд ялагдаж Үндэсний Ассамблейгаас эргүүлэн татагдав. Түүний залгамжлагч Мохаммед Али Ражай ердөө сарын дараа террорист халдлагад өртөж амиа алдсан бөгөөд ингэснээр А.Хаменеи эрх мэдлээ улам бэхжүүлсэн байна. А.Хаменеи 1989 онд нас барсан Р.Хомейнигоос Дээд удирдагч албыг өвлөн авсан бөгөөд түүнээс хойш эдүгээ хүртэл уг эрх мэдлийг атгаж иржээ. Түүний засаглалын үед Иран улс АНУ-тай илтэд зөрчилдөх болж, А.Хаменеи энэ удаагийн агаарын дайралтад хүргэсэн цөмийн хөтөлбөрийг удирдсан гэдгээрээ алдартай болсон юм. 2014 онд А.Хаменеи түрүү булчирхайн мэс засал хийлгэсний дараа түүний албан тушаалыг залгамжлагчийн асуудал яригдах болсон хэдий ч бараг хагас зуун жилийн турш эрх мэдлийн оргилд байсан түүнийг орлох зохистой удирдагч байхгүй гэсэн үзэл давамгайлж байв. АНУ-ын агаарын дайралт болон А.Хаменеигийн үхэлтэй холбогдуулан Олон улсын нийгэмлэгийн зүгээс Р.Хомейнигээс А.Хаменеид өвлөгдөн ирсэн Ираны теократ дэглэмийн ирээдүйд илүү анхаарал хандуулж байна.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.