ГХЯ: Израильд Монгол улсын 40 иргэн байгаа бол Иранд Монголын иргэн байхгүй
АНУ болон Израиль улс хамтран Иранд цохилт өгсөн явдалтай холбогдуулан Монгол улсын Гадаад харилцааны яам анхааруулга гаргажээ. Бямба гарагт эхэлсэн мөргөлдөөн бүс нутгийг хамарсан шинж чанартай болж, сөргөлдөгч талууд Иран, Израилийн нутагт харилцан цохилт өгөхөөс гадна Катар, АНЭУ, Бахрейн, Кувейт, Саудын Араб, Ирак, Сирийн нутаг цохилтод өртөөд байгааг анхааруулгад юуны түрүүнд дурдсан байна. Энэ хугацаанд ГХЯ болон дипломат төлөөлөгчийн газрууд (ДТГ) Монгол улсаас дээрх бүс нутагт суугаа иргэдэд шаардлагатай дэмжлэг туслалцаа, мэдээлэл, зөвлөгөө өгч, ДТГ-ын бүртгэлд хамрагдаагүй, аялал жуулчлалын зорилгоор түр хугацаагаар зорчиж байсан иргэдийн мэдээллийг нэмж бүртгэжээ. 2026 оны гуравдугаар сарын 1-ний өдрийн байдлаар Ойрхи Дорнодын бүс нутагт Монгол улсын 350 орчим иргэн байгаа аж. Үүнээс Израильд 40, АНЭУ-д 139, Египетэд 45, Кувейтэд 19, Саудын Арабт 27, Йорданд 2, Оманд 2, Бахрейнд 21, Катарт 54 иргэн байна. Израильд тус улсын иргэнтэй гэр бүл болсон, иргэншил авсан зэрэг 40 орчим монгол иргэн байгаа бол Иран улсад оршин суугаа монгол иргэн байхгүй гэж Гадаад харилцааны яам мэдээлсэн байна. Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан, Турк улсад суугаа манай ЭСЯ-наас Израиль дахь иргэдтэйгээ байнга холбоотой байж зөвлөгөө, мэдээлэл өгч байгаа ажээ. Хэрэв иргэд хүсэлт гаргавал ГХЯ тэднийг Тель-Авиваас Таба боомтоор Египетийн хил нэвтрүүлэн татан авах ажлыг зохион байгуулах гэнэ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







