Монголд анх удаа: “Муур”-тай номын нээлт болно
Японы кино продюсер, "Your Name", “Suzume” зэрэг анимэг бүтээгч, зохиолч Кавамүра Гэнкигийн анхны хүүрнэл бүтээл “Хорвоогоос муур арилахын цагт” номыг “Болор судар” хэвлэлийн газар албан ёсны эрхтэйгээр монгол хэлнээ орчуулан гаргалаа. Анх 2012 онд уншигчдад хүрч, дэлхийн 35 улсад хэвлэгдэн гарсан уг зохиол нь дэлгэцийн уран бүтээл болсон бөгөөд өдгөө ч шилдэг борлуулалттай номын нэг юм. Зохиолч К.Гэнкигийн 47 насны төрсөн өдрийг тохиолдуулан түүний номыг Монголд хэвлэн гаргасан нээлтийн арга хэмжээг энэ сарын 14-ний өдөр “Азхур” номын их дэлгүүрийн дөрвөн давхарт зохион байгуулна. Арга хэмжээнд уран бүтээлчдийн баг буюу япон хэлний орчуулагч О.Жаргалсайхан, хавтасны зураач Э.Мишээл, “Болор судар” хэвлэлийн газрын редактор Б.Цэрэнбат нар оролцож залуус, уншигчидтай эл ном болоод Японы орчин үеийн уран зохиолын сэдвээр ярилцах ажээ. Мөн оролцогчид өөрийн хайртай тэжээвэр амьтан буюу муураа авчрах боломжтой. Ийнхүү уран зохиол төдийгүй амьтанд хайртай залуус нэг дор цугларч, өгөөжтэй, сонирхолтой яриа өрнүүлэхээс гадна арга хэмжээнд оролцох 50 уншигчид зориулсан тусгай бэлэгтэйг зохион байгуулагчид онцоллоо.
Хорвоогоос муур арилж алга болбол яах вэ? Таны хайртай муур хорвоогоос арилбал та нэг өдөр илүү амьдрахыг хүсэх үү? Та ер нь амьд явахын төлөө юуг золиосолж, бас юуг эс золиосолж чадах вэ? Ийм жир бус асуултууд бидний амьдралд төдий л таарахгүй болов уу. Харин таарвал үхэл, амьдрал хийгээд оршин байхуйн утга учир, үнэ цэнийн талаар эргэцүүлэх нь лавтай.
Та энэ арга хэмжээнд оролцох бол бүртгэл энэ холбоосоор орж бүртгүүлээрэй.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







