АНУ, Израилийн тусгай хүчин Ираны Дээд удирдагчийг хэрхэн устгав?

АНУ, Израилийн тусгай хүчин Ираны Дээд удирдагчийг хэрхэн устгав?


   Өнгөрсөн сарын 28-нд эхэлсэн АНУ, Израилийн "Epic Fury" цэргийн ажиллагаа нь зөвхөн АНУ-ын Тагнуулын төв газрын мэдээлэл төдийгүй Израилын гадаад тагнуулын МОССАД агентлагийн хэдэн арван жилийн турш хуримтлуулсан мэдээлэлд тулгуурласан байна. Ираны удирдагчийн хөдөлгөөнийг байнга хянаж, удирдлагадаа мэдээлдэг энэхүү хүчирхэг байгууллагын мэдээлэл ажиллагаа амжилттай болоход онцгой үүрэг гүйцэтгэсэн аж. “New York Times” сонин Израилын Засгийн газрын албан тушаалтнаас эш татан мэдээлснээр аятолла Али Хаменеи өнгөрсөн сарын 28-ны өглөө дайралт эхлэх үед Тегеран дахь албан өргөөндөө байсан ажээ. АНУ дайралт хийх магадлалтай тул түүнийг газар доорх нууц хоргодох байранд байх ёстой гэж таамаглаж байсан ч эсрэгээрээ байв. Дайралт эхлэх үед тэрбээр цэргийн болон тагнуулын дээд удирдлагууд, мөн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийнхөнтэй хуралдахаар цугларсан байжээ. Энэ бол Ираны талын ноцтой алдаа байв. Өнгөрсөн зургаадугаар сард Израил Ираны эсрэг "Operation Midnight Hammer" ажиллагаа явуулахдаа А.Хаменеиг устгаагүй нь ерөнхийлөгч Д.Трамп Ойрхи Дорнодод хурцадмал байдлыг бий болгохоос болгоомжилсноос үүдэлтэй хэмээн “New York Times” сонин бичжээ. МОССАД агентлаг 20 жилийн өмнөөс Ираны орон нутгийн тагнуулын ажилтнуудыг элсүүлж эхэлсэн бөгөөд А.Хаменеигийн алхам бүрийг, тухайлбал хаана амьдардаг, хэнтэй уулздаг, гадаад ертөнцтэй хэрхэн харилцдаг, халдлага гарсан тохиолдолд хаана хоргодох зэргийг хэдэн жилийн турш нарийвчлан судалсан байна. АНУ-ын Тагнуулын төв газрын нэрээ нууцалсан ажилтан тус сонинд ярихдаа "Өндөр түвшний байг мөрдөхдөө хоол хүнсээ хаанаас авдаг, хог хаягдлаа хаана хаядгийг хүртэл судалдаг” гэжээ. Энэ мэтээр мэдээлэл цуглуулж, судалгаа хийсний үндсэн дээр цохилтын нарийн координатыг тогтоосны дараа Израилын тусгай хүчин эхэлж довтолжээ. Израилын цэргийн хүчний штабын дарга агаарын цэргийн нисгэгчдэдээ хандан "Байг устгахыг зөвшөөрлөө. Бид шинэ түүх бүтээж байна. Та бүхэнд итгэж байна. Хамгийн сайн сайхныг хүсье" гэсэн заавар илгээжээ. CNN-ийн мэдээлснээр, өндөр нарийвчлалтай сум, алсын тусгалтай пуужингаар тоноглогдсон Израилын сөнөөгч онгоцууд Ираны Дээд удирдагч болон бусад өндөр албан тушаалтнууд цугларсан гурван газарт нэгэн зэрэг цохилт өгсөн бөгөөд А.Хаменеигээс гадна Ираны долоон өндөр албан тушаалтан амиа алджээ. “New York Times” сонин мэдээлэхдээ "Израил улс цохилт өгснөөс хойш 30 минутын дараа АНУ-ын тусгай алба Ираны зүүн хэсэгт дайралт хийж, ажиллагаанд нэгдсэн" гэсэн байна. Мөн CNN агентлаг "Энэ удаагийн ажиллагаа нь Израил болон Америкийн тагнуулын сүлжээ Иран улсад байр сууриа сайтар бэхжүүлсэн байсныг тод харуулж байна" гэсэн бол МОССАД-ын Терроризмтой тэмцэх хэлтсийн дарга асан Одед Айлам "Ганцхан минутад бүс нутгийг өөрчилж болно” гэжээ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.