Эмэгтэйчүүдийг дүрсэлсэн Монголын хадны зургийн үзэсгэлэн гарна
Монголын эртний хадны зурагт эмэгтэйчүүдийг хэрхэн дүрсэлснийг үзүүлсэн “Алтайн Венера” гэрэл зургийн үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд ирэх баасан гарагт нээлтээ хийнэ. Уг музей бие даан "Бүсгүйчүүдийн дүр дүрслэх урлагт” үзэсгэлэнг 2001 оноос эхлэн жил бүр зохион байгуулж ирсэн бол энэ үзэсгэлэнг “Сэмүүн” студийн захирал, хадны зураг судлаач Б.Баяр, уран бүтээлч Х.Бөхтулга, археологич Т.Идэрхангай нартай хамтран зохион байгуулж байна. Монголын хадны зургийн урлаг нь Төв Азийн нүүдэлчдийн байгальтай шүтэлцсэн амьдралын хэв маягийг илэрхийлсэн өвөрмөц онцлогтой. Тухайлбал, Бага Ойгорын хадны зураг, Цагаан Салаагийн хадны зураг зэрэг дурсгалт газруудад эмэгтэйчүүдийг ан ав, нүүдэл суудал, зан үйлийн хүрээнд дүрсэлсэн нь элбэг байдаг байна. “Тэдгээрийн дотроос эмэгтэй хүний дүрслэл онцгой байр суурь эзэлдэг нь нүүдэлчдийн нийгэм дэх эмэгтэйчүүдийн үүрэг, бэлгэдлийн утга агуулгатай нягт холбоотой” хэмээн үзэсгэлэнгийн танилцуулгад дурджээ. Үзэсгэлэнд Б.Баярын хадны зургийн цуглуулгаас эмэгтэй хүний дүрслэл бүхий 40 орчим гэрэл зураг, уран бүтээлч Х.Бөхтулгын хадны зургаас сэдэвлэн бүтээсэн AI видео бүтээлийг толилуулах ажээ. Үзэсгэлэн гуравдугаар сарын 12-ныг дуустал ажиллана.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







