“Чингис хааны орхигдсон хотууд” кино Францын телевизээр гарна
“Чингис хааны орхигдсон хотууд” баримтат киноны постер. © Pernel Media

“Чингис хааны орхигдсон хотууд” кино Францын телевизээр гарна


   Парист төвтэй “Pernel Media” компанийн бүтээсэн “Les cités perdues de Gengis Khan” буюу “Чингис хааны орхигдсон хотууд” баримтат кино Францын телевизийн боловсрол, танин мэдэхүйн “France 5” сувгаар маргааш гарах гэж байна. Их Монгол улсыг байгуулсан Чингис хаан, түүний залгамжлагчид зөвхөн байлдан дагуулагчид бус бүтээн босгогчид, хот байгуулагчид байсныг энэ кинонд харуулахыг зорьжээ. Монголчуудын эзэнт гүрэн нь устган сөнөөхийг урьтал болгосон дан нүүдэлчдийн улс хараахан биш, олон соёлын найрсал, зохицлыг хангасан хөгжингүй улс байсан хэмээн киноны уран бүтээлчид үзсэн байна. Энэ дүгнэлтээ шинжлэх ухааны үндэслэлтэйгээр нотлохын тулд тэд Монголоос гадна Турк зэрэг хэд хэдэн улсад хийсэн археологийн малтлагаар олдсон хотуудын үлдэгдэл, тэдгээрт хийсэн судалгааны үр дүнг үзэгчдэд толилуулжээ. Монголын эзэнт гүрний түүхийг судалж “Алтан орд” хэмээх ном бичсэн Францын түүхч Мари Фавро уг киног бүтээхэд оролцсон юм. Марина Буаёнвалийн бичиж найруулсан, 90 минут үргэлжлэх уг киног Японы NHK, Австралийн SBS, Францын “Histoire TV”, Канадын ICI RDI телевиз үзүүлсэн бол өнгөрсөн оны есдүгээр сард Улаанбаатар хотын “Тэнгис” кино театрт гаргасан билээ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.