Японы шүүх Мүүний шашны байгууллагыг татан буулгах шийдвэр гаргав
Дэлхийн энх тайван, эв нэгдлийн төлөөх гэр бүлүүдийн холбооны Япон дахь салбарын төв байр. © JIJI

Японы шүүх Мүүний шашны байгууллагыг татан буулгах шийдвэр гаргав


   Японы Токио хотын Дээд шүүх “Эв нэгдлийн сүм”-ийг татан буулгах тухай өнгөрсөн онд гарсан анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх шийдвэр гаргалаа. Энэ үйл явдал нь ерөнхий сайд Абэ Шинзогийн амь насанд халдсан хэргийн дараа тус шашны байгууллагын эсрэг цуврал шүүх хурлын хамгийн сүүлийнх болж байна. Дээд шатны шүүхийн захирамж гарсан даруйд тус байгууллагыг татан буулгах ажиллагаа албан ёсоор хэрэгжиж эхлэх бөгөөд үүний үр дүнд Эв нэгдлийн сүм шашны байгууллагын статусаа алдаж, цаашид татварын хөнгөлөлт эдлэх эрхгүй сайн дурын байгууллагын хэлбэрт шилжих буюу үйл ажиллагаа нь эрс хязгаарлагдах ажээ. Японы Шашны байгууллагын тухай хуульд заасан татан буулгах журмын дагуу дүүргийн шүүхээс томилогдсон хуульчид Эв нэгдлийн сүмийн хөрөнгийг хяналтдаа авч, тус байгууллагын үйл ажиллагаанаас болж хохирсон иргэдэд нөхөн төлбөр олгох ажлыг эхлүүлнэ.

   Шүүхэд өрнөсөн гол маргаан нь тус байгууллага сүсэгтнүүдийг албадан их хэмжээний хандив авдаг байсан явдал байв. Байгуулсан эзнийхээ нэрээр дэлхий дахинд "Мүүний сүм" хэмээгддэг тус байгууллагыг анхан шатны шүүх “Олон нийтийн ашиг тусын эсрэг үйлдэл гаргаж, тэдэнд их хэмжээний хохирол учруулсан, холбогдох хууль тогтоомжуудыг зөрчсөн” хэмээн дүгнэсэн юм. Урьдчилсан тооцоогоор Эв нэгдлийн сүмийн авсан албадан хандивын улмаас 1500 гаруй хүн хохирсон бөгөөд нийт хохирлын хэмжээ ойролцоогоор 20.4 тэрбум иен (130 орчим сая ам.доллар) болжээ. Сүсэгтнүүд болон тэдний гэр бүлд учруулсан хохирлын цар хүрээнээс шалтгаалан шүүхийн уг шийдвэрт Японы нийгэм даяар онцгой анхаарал хандуулж байна. Коочи мужийн Эв нэгдлийн сүмийн хохирогчдын бүлгийн тэргүүн Тацүо Хашида шүүхийн шийдвэрт “маш их баяртай” байгаагаа сэтгүүлчдэд илэрхийлжээ. Түүний эхнэрийн хэт туйлширсан итгэл үнэмшлээс болж ууган хүү нь амиа хорлосон бөгөөд энэ тухай тэрбээр “Japan Times” сонинд ярихдаа “Шүүх хохирогчид төдийгүй Японы олон нийтэд тустай шийдвэр гаргасанд баяртай байна. Хохирогч бүрд зохих нөхөн төлбөрийг олгуулахын төлөө бид үргэлжлүүлэн ажиллах болно” гэжээ.

   Лхагва гарагийн шүүхийн шийдвэр эцсийнх бөгөөд Эв нэгдлийн сүм Улсын дээд шүүхэд тусгай гомдол гаргасан ч татан буулгах ажиллагаа зогсохгүй юм. Тус байгууллагын зүгээс Дээд шүүхэд хандахаар зэхэж байгаа тухай хэвлэлүүд мэдээлж байна. Дээд шатны шүүхийн энэхүү шийдвэр нь Токиогийн дүүргийн шүүхийн 2025 оны гуравдугаар сарын шийдвэрийг баталгаажуулсан хэрэг ажээ. Тухайн үед дүүргийн шүүхээс тус байгууллагын үйлдлийг Иргэний хууль зөрчсөн гэж үзсэнийг Эв нэгдлийн сүм эсэргүүцэн давж заалдсан билээ. Энэ шийдвэр Японы түүхэнд шашны байгууллагын статусыг шүүхийн захирамжаар цуцалсан гурав дахь тохиолдол бөгөөд иргэний шүүхийн дүгнэлтэд үндэслэн шийдвэрлэсэн анхны тохиолдол болж байна. Өмнөх хоёр тохиолдол нь эрүүгийн гэмт хэрэгт үндэслэсэн бөгөөд 1995 онд Токиогийн метронд зарин хийгээр халдлага үйлдсэн “Аум Шинрикё” бүлэг болон удирдагч нь залилангийн хэргээр ял авсан Вакаяма мужийн “Мёокакүжи” сүмийн хэрэг юм.

   Албан ёсоор Дэлхийн энх тайван, нэгдлийн төлөөх гэр бүлүүдийн холбоо гэгддэг Эв нэгдлийн сүм нь Абэ Шинзогийн амь насыг хөнөөсөн хэргийн дараа олон нийтийн хүчтэй шүүмжлэлд өртөх болсон билээ. Мүүний сүмд ээжийнхээ өгсөн хэт их хандив, мөн түүний туйлширсан итгэл үнэмшлээс болж амьдрах аргагүй болсон хэмээн хэрэгтэн мэдүүлсэн бөгөөд Абэ Шинзог тус бүлэгтэй холбоотой хэмээн үзсэний улмаас уг аллагыг үйлдсэн гэдэг.

   Японы Соёл, боловсролын яам тус байгууллагыг татан буулгах захирамж гаргах хүсэлтийг анх 2023 оны 10 дугаар сард Токиогийн дүүргийн шүүхэд гаргаж байв. “Эв нэгдлийн сүм” нь 1954 онд Өмнөд Солонгост байгуулагдаж, 1964 онд Японд шашны байгууллагаар бүртгэгджээ. Өнгөрсөн оны 12 дугаар сард тус байгууллагын Япон дахь салбарын тэргүүн Томихиро Танака “ёс суртахууны” хариуцлага хүлээн албан тушаалаасаа огцорсон юм.

 


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.