Монгол залуучууд COP17 хуралдаанд хүргэх уриалга гаргалаа

Монгол залуучууд COP17 хуралдаанд хүргэх уриалга гаргалаа


  Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөрийн “Уур амьсгалын амлалт-2” төслийн дэмжлэгтэйгээр Монгол Улсын Их Сургууль цөлжилт, газрын доройтлын асуудалд залуу үеийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний санал санаачилгыг дэмжих зорилгоор зохион байгуулсан COP17 Залуучуудын загвар хуралдаан хоёр өдрийн турш үргэлжилж өчигдөр хаалтаа хийлээ. Хаалтын үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Залуучууд, спортын бодлогын зөвлөх Д.Даваадорж, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Урьболд, COP17 Хамтын ажиллагааны дэд хорооны нарийн бичгийн дарга С.Саруул-Ухаан нар оролцож шилдэг 60 оролцогчид батламж гардууллаа. Үндэсний хэмжээнд анх удаа зохион байгуулсан уг хуралдааны төлөөлөгчид болсон шилдэг 60 оролцогч хоёр өдрийн турш цөлжилт, газрын доройтлын талаарх шинжлэх ухааны үндэслэлтэй мэдлэг мэдээлэл хүлээн авч, багаар ажиллан, судалгаа шинжилгээ хийж, олон улсын дипломат харилцаа болон хэлэлцээрийн нарийн төвөгтэй явцыг өөрийн биеэр мэдэрч, илтгэл хэлэлцүүлж, мэтгэлцээн өрнүүлэн, санал санаачилга гаргаж идэвхтэй оролцсон юм. Залуучуудын хуралдаанд Монгол орны өнцөг булан бүрээс шалгаран оролцсон шилдэг 60 оролцогч Монголын залуучуудын СОР17-д хүргэх уриалгыг батлан гаргасан бөгөөд энэхүү уриалгыг ирэх наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд Монгол улсад зохион байгуулагдах НҮБ-ын Цөлжилттэй Тэмцэх Конвенцийн Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-д хүргэх болно. “COP17" Залуучуудын загвар хуралдааны шилдэг багаар Армени улсыг төлөөлөн оролцсон Ш.Амгаланбаяр, П.Ариунжаргал, Б.Энхтамир, С.Болорсарнай, Д.Болормаа нар шалгарч, нэг сая төгрөгөөр шагнуулсан бол Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат З.Анхзаяа шилдэг оролцогчоор шалгарч, 500 мянган төгрөгөөр шагнууллаа.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.