АНУ: 92 насандаа 82 настай эхнэр авч хурим хийжээ
АНУ-ын Миссүри мужийн Коламбиа хотын иргэн, 92 настай Дэйв Вичман, 82 настай Жэки Вичман нар өндөр настны асрамжийн газар гэрлэж хуримласан тухай орон нутгийн KOMU 8 телевиз мэдээлэв. Тэд “Westbury Senior Living” асрамжийн газрын арга хэмжээн дээр 2025 оны сүүлээр танилцсан бөгөөд хамтдаа Библийн хичээлд сууж, сүмд очдог болсон байна. Тэд хоёул бэлбэсрээд олон жил болсон агаад хайр дурлалтай дахин учирна гэж огт бодоогүй явсан талаараа телевизийн сурвалжлагчид ярьжээ. Улмаар өнгөрөгч хоёрдугаар сарын 5-нд Дэйв гэрлэх санал тавьсныг Жэки сэтгэл хөдлөн хүлээж авсан гэнэ. Хуримын ёслолын бэлтгэлд асрамжийн газрын хамт олон хоёр долоо хоногийн өмнөөс орж, урилга хэвлүүлэх, танхим чимэглэх, хоол унд захиалах зэрэг хуриманд хэрэгтэй бүх зүйлийг базаажээ. Хуримын ерөөлийн ламаар орон нутгийн баптист сүмийн санваартан, Дэйвийн дотнын найз ажилласан байна. Хос хоёрын хуриманд Коламбиа болон ойр зэргэлдээ хотуудад суудаг хүүхдүүд, ах дүү, хамаатан садангууд нь олноор ирж оролцжээ. Дэйв, Жэки нар ирэх долоо хоногт асрамжийн газартаа илүү том өрөөнд орж тусдаа амьдрахаар болсон хэмээн нутгийн KOMU 8 телевиз мөн мэдээлсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







