Балбын парламентын сонгуульд Z үеийнхэн ялалт байгуулжээ

Балбын парламентын сонгуульд Z үеийнхэн ялалт байгуулжээ


   Өнгөрсөн жил дэлхийн олон оронд өрнөсөн  Z үеийнхний жагсаалын голомт болсон Балба улсад реппер дуучин улс төрчийн удирдсан нам сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан байна. “Kathmandu Post” сонины мэдээлснээр, Катманду хотын дарга асан, 36 настай Балендра Шахын удирдсан шинэчлэлийн үзэлтэй Үндэсний тусгаар тогтнолын нам (RSP) парламентын доод танхимын 165 суудлаас 106-г авсан байна. Тооллого үргэлжлэн явагдаж буй 19 тойрогт тус нам ялж байгаа бөгөөд 125 суудал хүртэл авах боломжтой гэсэн таамаг гарчээ. Энэ нь 2022 онд байгуулагдсан шинэ намын хувьд маш том амжилт бөгөөд Балбын сонгуулийн түүхэнд урьд өмнө байгаагүй ялалт юм.  

   Өнгөрсөн есдүгээр сард Балбын Засгийн газрын дээд албан тушаалтнуудын хүүхдүүдийн тансаглал, эд хөрөнгөөрөө гайхуулж буй байдлыг шүүмжилсэн постууд гарсны дараа цахим сүлжээг бүрэн хориглосон юм. Үүнээс болж Z үеийнхэн улс орныг хамарсан эсэргүүцлийн жагсаал өрнүүлж, улмаар парламентын байр болон ерөнхий сайдын гэрийг шатааж, Засгийн газрын өндөр албан тушаалтнуудын биед халдах зэргээр авирлаж, эцэст нь ерөнхий сайд К.П.Шарма Оли огцорсонЭнэ жагсаал дэлхийн бусад орнуудад ч нөлөөлсөн бөгөөд Ази тивд Индонез, Зүүн Тимор, Филиппин зэрэг орнуудад, мөн Африкт Мадагаскар, Марокко, цаашлаад Төв болон Өмнөд Америк, Европт хүртэл ижил төстэй жагсаал болж, зарим орны удирдагчид албан тушаалаасаа буусан. Балбын Засгийн газар огцорсны дараа ерөнхий шүүгч асан Сушила Карки тус улсын анхны эмэгтэй ерөнхий сайдаар түр томилогдсон юм. Шинэ засгийн газрыг сонгох дараагийн сонгуульд эсэргүүцлийн жагсаалыг удирдсан Z үеийнхний дэмжлэгтэй улс төрийн хүчин ийнхүү үнэмлэхүй ялалт байгуулсан ажээ. Сонгуулийн үр дүнгийн талаар “The New York Times” сонин "Z үеийнхэн сүр хүчээ харууллаа" хэмээн бичсэн байна.

   Эрх баригчдын авлига, албан тушаалын хэргийг хип хоп дуугаараа шүүмжилж олны дунд нэрд гарсан Балендра Шах 2022 онд залуу сонгогчдын дэмжлэгтэйгээр Катманду хотын дарга болсон юм. Хотын даргаар ажиллаж байх хугацаандаа тэрбээр ард түмний амьжиргааг шийдвэрлэхэд анхаарлаа хандуулж, Засгийн газрын эсрэг өнгөрсөн жилийн жагсаалыг удирдсан. Сонгуулийн үр дүн Балбын улс төрийг эрс өөрчлөх төлөвтэй байна. 2008 онд бүгд найрамдах улс тунхагласнаас хойш Балбын Конгрессын нам, марксист-ленинист үзэлт Коммунист нам, Маоист төв нам гэсэн гурван нам ээлжлэн төрийн эрх барьсаар ирсэн юм.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.