Монгол төрийн нэрт зүтгэлтэн Лосолын Лааганы үр ач нар монгол соёлоо түгээсээр явна
Хөвсгөл нутгийн хотгойд эр Ховдын суугуул болсон түүх буюу Лосолын Лааган гэж хэн байв?
XIX зууны эхэн үеэр Засагт хан аймгийн Эрдэнэдүүрэгч вангийн хошууны Эрдэнийн Даян хэмээх эр Ховдын хязгаарт морин өртөө хийхээр шилжин суурьшжээ. Тэрбээр Ховд нутагт суурьшсанаас хойш Даянгийн Дондог, Дондогийн Лосол, Лосолын Лааган, Лааганы Найдан, Найдангийн үр хүүхдүүд гээд эдүгээ зургаа дахь үедээ Ховд нутагтаа аж төрсөөр байгаа аж. Хөвсгөл аймгийн Цэцэрлэг, Цагаан-Уул сумын гаралтай хотгойд овгийн хүмүүс Ховдын суугуул болж суурьшсан нь энэ юм.
Ажил амьдралын замнал
Лосолын Лааган нь 1887 онд Ховд аймгийн Буянт сумын нутаг Цагаан гол хэмээх газарт төрсөн. Хүүхэд байхдаа Наран хутагтын хийдэд шавилан сууж байсан бөгөөд мал маллах, тариа тарих, өртөө улаа нэхэх зэрэг ажил хийж эрийн цээнд хүрч Харганы өртөөний ахлагчаар ажилласан байна. Тэрбээр хүрээ хийдэд шавилж байсан болохоор бичиг үсэгтэй, яриа хөөрөө сайтай, ажилсаг хөдөлмөрч хүн байсан тул 35 насандаа буюу 1922 онд Чандмань-Уулын аймгийн Тариачин хошууны төлөөлөгч болж 1923 онд МАХН-д гишүүнээр элссэнээс хойш улс төрийн ажилд идэвхитэй оролцох болжээ. Улмаар 1925-1928 онд Чандмань-Уулын аймгийн Намын хянан байцаахын дарга, 1928-1930 онд МАХН-ын Хянан байцаах төв комиссын дарга, 1930-1932 онд БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн даргаар тус тус ажилласан төр нийгмийн нэрт зүтгэлтэн билээ. Мөн Монгол банкны даргаар ажиллаж байжээ. Тэрбээр МАХН-ын 4,5,6,7,8 дугаар их хуралд төлөөлөгчөөр оролцож байсан бөгөөд 4 дүгээр их хурлаас МАХН-ын Төв Хорооны гишүүн, 5, 6 дугаар их хурлаас Намын хянан байцаах төв комиссын гишүүн, 8 дугаар их хурлаас Намын төв хорооны тэргүүлэгч гишүүнээр, 6 дугаар их хурлаас БНМАУ-ын Бага хурлын гишүүнээр тус тус сонгогдон, Монгол улсынхаа хөгжлийн төлөө хоёргүй сэтгэлээр ажилласан хэдий ч амьдралдаа 3 удаа хэлмэгдсэн байна.
Намын төв хорооны дэргэдэх эмнэлгийн комисс Л.Лааганыг ЗСБНХУ-д удаан хугацаагаар эмчлүүлэх шаардлагатай гэсний дагуу Намын төв хорооны тэргүүлэгчдийн 1932.03.15-ны өдрийн хурлын тогтоолоор замын зардал, хэлмэрч олгосон тул Орос улсад эмчлүүлэхээр явсан байна. ЗХУ-д эмчлүүлж байхад МАХН-ын төв хороо, Намын хянан байцаах төв комиссын хамтарсан онц 3 дугаар бүгд хурлыг 1932.06 дугаар сард хуралдуулж Л.Лааганыг Намын төв хорооны тэргүүлэгч гишүүнээс улмаар БНМАУ-ын 17 дугаар бага хурлыг 1932.07.02-ны өдөр хуралдуулж Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн даргын үүрэгт ажлаас тус тус чөлөөлсөн байна. Түүний дараа Ардын сайд нарын зөвлөлийн 1932.08.05-ны өдрийн 7 дугаар хурлын тогтоолоор Монгол банкны даргаар томилсон аж. Тэрбээр 1928-1932 онд МАХН-ын Хянан байцаах төв комиссийн дарга, БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдийн даргын өндөр албыг 4-5 жил хашсан билээ.
Улс төрийн хилс хэрэг
Л.Лааганыг 1928 онд Дөрвөд аймгийг харьяа автономит эрхтэй улс болгохыг эрмэлзсэн Шар Санжийн хэрэгт холбогдуулан 1928 оны 7 дугаар сард барьж хорьсон байна. Ингэтэл Засгийн газрын эрхлэх товчооны 1929.2.4-ний өдрийн 20 дугаар тогтоолоор Шар Санжийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Үүний дараа 1934.3.28-ны өдөр Ж.Лхүмбийн хэрэгт холбогдуулан баривчилжээ. Түүнийг Ховд аймгаас авч явсан машин 1934.4.5-ны орой Архангай аймгийн төвд ирэхэд Ерөнхий сайд П.Гэндэн, Намын төв хорооны нарийн бичгийн дарга Д.Лувсаншарав нар 1934.4.6-ны өглөө Архангай аймагт ирж уулзаж ятгасан боловч Л.Лааган энэ хэрэгт холбогдолгүй гэдгээ хэлж, эрс эсэргүүцсэн байдаг.
Миний бие тус Монгол ардын үндэсний хувьсгалд үнэнээс итгэн шүтэж өөрийн улсын тусгаар тогтнох явдал дор үнэнийг журамлан зүтгэж явсан
Ингээд Ерөнхий сайд П.Гэндэн 1934.5.13-ны өдөр Л.Лааганыг Хөвсгөл аймаг руу томилон явуулж, 1934.6.10-ны өдөр Алтанбулаг боомтоор ЗХУ-д улсад хүлээлгэн өгөхөөр паспорт визийг нь урьдчилан бэлтгэсэн байжээ. Гэвч Л.Лааган 1934.7.1-ний өдөр Улаанбаатар хотод буцаж ирэхэд Намын төв хорооны нарийн бичгийн дарга Д.Лувсаншарав, Г.Дэмид нар уулзаж, Ж.Лхүмбийн хэрэгт холбогдсон тухай үнэн зөв мэдүүлэг өгвөл ял хэлэлцэхгүй хэмээн ятгаж, улмаар Төв хороо Холбоот улсын элчинтэй гэрээ байгуулж, орос улсад 2 жилийн хугацаагаар суулгах болсон гэдгийг хэлсэн байна. Ингэхэд Л.Лааган Намын төв хорооны нарийн бичгийн дарга нарт Орос улс руу явах боломжгүй гэсэн өргөдөл бичиж өгөөд нутаг руугаа буцжээ. Гэтэл Дотоодыг хамгаалах газар 1934.7.28-ны өдөр баривчилж хилс хэрэг хүлээлгэхээр 7 сарын 28-наас 8 сарын 23-ны өдрүүдэд тасралтгүй байцаасан байна. Энэ тухайд МАХН-ын 9 дүгээр их хурал, Коминтерны дотоод хэлтэст 1934.10 сард өргөдөл гаргахдаа өөрийг нь 7 шөнө 7 өдөр тасралтгүй байцаасан тухай дурдсан байдаг. Ингээд МА ХН-ын Төв хорооны тэргүүлэгчдийн 1934.10.14-ний өдрийн хурлаас Л.Лааган нарын 6 хүнд шүүх таслах ба хууль цаазын талаар ял ногдуулж хэлэлцэхгүйгээр Орос улсад 2-3 жил суулгах тухай 1 тоот тогтоол гарган Зөвлөлтийн хязгаарын цэргийн отрядад шилжүүлсэн байна. Улмаар 1934.12 дугаар сард эх орондоо буцаж ирсэн боловч 1935.3 дугаар сард Хөвсгөл аймаг руу томилон явуулсанаар тэнд ажиллаж байгаад 9 дүгээр сард нутагтаа очжээ. Үүний дараа П.Гэндэн, Г.Дэмидийн хэрэгт холбогдуулан 1937.9.15-ны өдөр 3 дах удаа баривчилж 2 жил 8 сар хорьж, эрүүдэн шүүж байгаад БНМАУ-ын Дээд шүүхийн 1940.5.4-ний өдрийн 17 дугаар тогтоолоор хуулийн дээд хэмжээгээр шийтгэсэн байна. Тэрбээр шүүх дээр “Би эх орноосоо урвасан хувьсгалын эсэргүү байгууллагад оролцож ажилласан удаа огт байхгүй учир мэдүүлэх зүйлгүй. Миний бие тус Монгол ардын үндэсний хувьсгалд үнэнээс итгэн шүтэж өөрийн улсын тусгаар тогтнох явдал дор үнэнийг журамлан зүтгэж явсан” хэмээн мэдүүлсэн байна.
Нийгмийн Аюулаас Хамгаалах яамны шалгах хэлтэс 1962 онд Л.Лааганы хэргийг хянан шалгаад хувьсгалын эсэргүү гэх улс төрийн хэрэгт хилсээр шийтгэгдсэнийг нь тогтоож БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн газрын дэргэдэх Цагаатгах ажлыг эрхлэх комиссын 1962.2.13-ны өдрийн 80 дугаар тогтоолоор цагаатгажээ. Нийгмийг Аюулаас Хамгаалах байгууллагын төв архиваас гаргасан лавлагаанд “БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдийн дарга асан Л.Лааганыг улсын түүхэнд зохих байр суурь эзлүүлэхэд хууль зүйн талаас харшлах зүйлгүй гэж үзнэ” хэмээн дүгнэсэн байдаг.
Сайн хүний үрс, сүүтэй гүүний унага
Нам, төрийн зүтгэлтэн Лосолын Лааганы хүү аймгийн хурц арслан Лааганы Найдан болон түүний үр хүүхдүүд өвөг дээдсийнхээ ариун үйлсийг үргэлжлүүлж, дурсгалыг нь мөнхжүүлэх, залуу үеийнхэнд сурталчлан таниулах зорилгоор олон сайхан буянт үйлс хийжээ. Арван хоёр хүүхэд төрүүлж өсгөн эрдэм боловсролтой хүн болгож хүмүүжүүлсэн аймгийн арслан Л.Найдангийн хүү, Л.Лааганы ач хүү Н.Бямбадорж өвөөгийнхөө ажил үйлсийн тухай ийн хуучилсан юм.
“Өвөө минь БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн даргаар ажиллаж байхдаа 1931 онд Монгол улсын “Орон нутгийн засаг захиргаа нутаг дэвсгэрийн хуваарилалтад өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг боловсруулж, Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлэн батлуулснаар Монгол улс 13 аймагтай болсон юм. Энэ арга хэмжээ нь ард түмний аж амьдралын өвөрмөц байдалд тохируулан нийт нутаг дэвсгэрийг зөв ангилж, засаг захиргааны нэгжийг ард түмэнд ойртуулснаар улсын эдийн засагт чухал ач холбогдолтой болсон байдаг. Мөн эх орныхоо гадаад худалдааны улсын онц эрх тогтоох, эд хэрэглэгчдийн хоршоо, улсын санхүү-зээл, худалдааны системийг бүрэлдүүлэх, үндэсний мөнгөн тэмдэгтийг бий болгох, аж үйлдвэрийг хөгжүүлэх, ард иргэдийн боловсролыг дээшлүүлэх зэрэг ажлуудыг идэвхитэй зохион байгуулан ажиллаж байсан байдаг. Миний аав Л.Найдан өвөөг баригдахад өлгийтэй хоцорсон юм билээ. Тухайн үеийн нийгэм хувьсгалын эсэргүү болсон хүний гэр бүл, ойрын ах дүү, хамаатан саднуудыг байнга хянаж, ялгаварлан гадуурхдаг байсан гэдэг. Аав минь өнчин өссөний дээр эсэргүүний хүүхэд гэж нүд үзүүрлэгдэн мөн л хэлмэгдсэн байдаг. Аав Ховд аймгийн баяр наадамд 1958, 1959 онд үзүүрлэж, 1964, 1965 онд түрүүлсэн аймгийн хурц арслан цолтой хүн. Хэлмэгдэж байсан энгийн жишээ дурдахад аав минь аймгийн аварга шалгаруулах барилдаанд 1961-1965 онд дараалан 5 удаа түрүүлэхэд улсын аварга шалгаруулах барилдаанд ганцхан удаа явуулсан байдаг. Мөн 1966 оны аймгийн баяр наадмын тавын даваанд барилдааны цагаас хоцорсон гэх шалтгаанаар хасаж, учраа бөхөд нь даваа өгсөн. Аймгийн наадамд 1967 онд түрүүлж арслан цол хүртсэн бөх аймгийн баяр наадмын зүүн талыг манлайлан аавыг минь амлаж барилдаж байсан гээд олон зүйл бий.
Найдангийн Бямбадорж гэр бүлийн хамт. Япон улсын Саппоро хот.
Аймгийн арслан Лааганы Найдан гуай хэлмэгдлийн шуурганд өртөж амь биеэрээ хохирсон эцгийнхээ нэр төрийг сэргээж, олон түмэнд таниулах, түүхэнд байр суурийг нь үнэн зөвөөр эзлүүлэхээр амьдралынхаа турш хөөцөлдөж, Монгол улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Монгол улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, Ховд аймаг болон Нийслэлийн Засаг дарга, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нартай олон удаа уулзаж, уйгагүй явсны дүнд дараах ажлуудыг хийж чадсан байна. Үүнд:
Монгол Улсын Засгийн газрын 1996.9.12-ны өдрийн 234 дүгээр тогтоолоор Ховд аймгийн Буянт сумын ерөнхий боловсролын дунд сургуулийг өвөөгийн нэрэмжит болгосон.
Монгол Улсын Засгийн газрын 1997.7.9-ний өдрийн хуралдааны 32 дугаар тэмдэглэлээр өвөөгийн мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэх шийдвэр гаргуулж, Ховд аймаг, Буянт сумын Засаг даргын тамгын газар, үр хүүхдүүд, төрөл садан, нутгийн ахан дүүстээгээ хамтран Л.Лааганы мэндэлсний 110 жилийн ойн арга хэмжээ, баяр наадмыг Буянт суманд 1997.09.09-11-ний өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлсэн.
Ойн арга хэмжээний үеэр дараахь ажлуудыг хийсэн. Үүнд:
Улаанбаатар хот болон Ховд аймагт эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулсан.
Ховд аймгийн музейд өвөөгийн цээж баримлыг бүтээлгэн өгч алдрын булан байгуулсан.
Ховд аймгийн Буянт сумын 10 жилийн дунд сургуулийн номын санг тохижуулан номын баяжилт хийж, 3 ширхэг морин хуур, нэг компьютер хандивласан.
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 1997.09.09-ний өдрийн 57 дугаар тогтоолоор Улсын багшийн их сургуулийн байрны хананд Л.Лааганы дурсгалын самбарыг байршуулсан.
Л.Лааганы мэндэлсний 120 жилийн ойг тохиолдуулан Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2007.09.26-ны өдрийн 178 дугаар тогтоолоор түүний амьдарч байсан Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх 76 дугаар байрны хананд дурсгалын самбарыг байршуулсан.
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2007.12.06-ны өдрийн 232 дугаар тогтоолоор Тусгаар тогтнолын талбайн зүүн хойд талаас Баянбүрдийн тойрог хүртлэх (50 дугаар сургуулийн баруун тал) гудамжийг Л.Лааганы нэрэмжит болгосон.
Ховд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014.09.19-ний өдрийн 106 дугаар тогтоолоор Ховд аймгийн төвийн 4 замын уулзвараас Цамбагарав зочид буудлын дэргэдэх 4 замын уулзвар хүртэлх гудамжийг Л.Лааганы нэрэмжит болгосон байна.
Лааганы Найдан гуайг 2016 онд бурхан болсноос хойш гэргий нь хүүхдүүдтэйгээ хамтран Эх нялхсын Төвийн дэргэдэх Хүүхдийн цусны эмгэг, хавдрын эмнэлэгт 2017 онд цус цэвэрлэх аппарат, 2018 онд хувилагч принтерийг тус тус хандивласан, Төрийн соёрхолт, түүхийн шинжлэх ухааны доктор, профессор О.Батсайханы бичсэн “Лосолын Лааган. Төрийн тэргүүний хувь заяа" номыг 500 ширхэгийг хэвлүүлсэн, Нийслэлийн ерөнхий боловсролын газраар дамжуулан “Лосолын Лааган. Төрийн тэргүүний хувь заяа" номыг нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын номын санд 180 ширхэгийг хандивласан, Ховд аймгийн төвийн болон сумдын ерөнхий боловсролын сургуулиудын номын санд мөн номыг хандивласан, “Лантуун дохио” ТББ-тай хамтран 2017 онд өвлийг дулаан өнгөрүүлцгээе аяны хүрээнд 1000 хос ноосон бээлийг хандивласан, Ховд аймгийн Буянт сумын 90 жилийн ойгоор сумын Засаг даргын тамгын газарт Алтангэрэл, Жадамба судрыг хандивлаж, баяр наадмын хүүхдийн барилдааныг аймгийн хурц арслан Л.Найдангийн нэрэмжит болгон ивээн тэтгэсэн, Ховд аймгийн Биеийн тамир спортын хороонд Үндэсний бөхийн барилдааны 9 хөлт тугийн суурийг бүтээлгэж тугнуудын хамт хандивласан, Баруун аймгуудын 2016 оны насанд хүрэгчдийн үндэсний бөхийн аварга шалгаруулах барилдаанд барилдсан бөхчүүд болон Ховд аймгийн ахмад бөхчүүдэд хүндэтгэл үзүүлж, гарын бэлэг, мөнгөн хандив өргөсөн, Ховд аймгийн Буянт сумын ерөнхий боловсролын сургуульд Монголын уран зохиолын дээжис 108 боть номыг 2021 онд хандивласан, Ховд аймгийн Гандан Пунцаг Чойлон хийдэд 20х60 хэмжээтэй Авид бурханыг сэнтийн хамт бүтээлгэн 2021 онд хандивласан, Буянт сумын дунд сургуулийн хүлээн авах танхимыг тохижуулсан зэрэг нийгэмд тустай ажил үйлсийг хийж гүйцэтгэжээ.
Сайн хүний үрс сайн үйлс бүтээж явна
Морин хуураас эхтэй Mонголоо гэсэн сэтгэл
Найдангийн Бямбадорж эрдэм номын мөр хөөж, 2000-2009 онд гэр бүлийн хамт Япон улсын Хоккайдо мужийн Саппоро хотод амьдарчээ. Тухайн үед буюу 2002 онд Дундговь аймгийн Өлзийт сумын харъяат морин хуурч Ё.Нэргүй гуай хүүгийнх нь сургууль дээр ирж морин хуур тоглосон бөгөөд морин хуурын аяыг сонсоод эх орны минь өргөн уудам нутаг, цэлмэг хөх тэнгэр нүдэнд харагдаж, морио унаад салхи татуулан давхих юмсан гэсэн бодол төрсөн гэдэг. Улмаар Ё.Нэргүй гуайг гэртээ урьж оройн хоол хамт идсэний дараа олон сайхан ая тоглуулан сонсох үед хоёрдугаар ангид сурч байсан хүү нь морин хуурыг татаж үзээд “Гоё хөгжим” гэж дүгнэжээ. Зун нь эх орондоо ирээд хүүдээ зориулан морин хуур худалдан авч, Хөгжим бүжгийн дунд сургуулийн морин хуурын багш Н.Буянбаатар гуайгаар анхан шатны хичээлийг дөрвөн өдөр заалгасан байна. Тухайн үед дэлхийн морин хуурын холбооны тэргүүн морин хуурч А.Бат-Эрдэнэ Токиод амьдарч байсан бөгөөд Саппород сард нэг удаа ирж япон хүмүүст морин хуур заадаг байсан байна. Хуурын хичээлийг видео камерт бичиж аваад хүү нь бичлэгээ үзэж хуураа давтаж тоглосоор, багшийгаа ирэх үед нь шалгуулж дараагийн хичээлээ авдаг байжээ. Ингэж хичээсний үр дүнд А.Бат-Эрдэнэ багшийн ачаар хүү нь Япон улсад морин хуур тоглож сурчээ. Улмаар Саппород амьдардаг морин хуурч, хөөмийч Харүхико Сага гуайтай хамтран морин хуураа тоглож, өөрөө эх орныхоо эрийн гурван наадмын талаар танилцуулга хийдэг байжээ. Эх орондоо 2009 онд ирээд мэргэжлийнхээ дагуу төрийн ажил эрхлэх болсон хэдий ч “Би сайн хүний үр удам шүү” гэсэн бодол, өвөг дээдсийнхээ ариун үйлсийг мөнхжүүлэх өрнүүн хүсэл, харийн улсад сонсож уярсан морин хуурын аялгуу түүнийг зүгээр суулгасангүй.
Бямбадоржийн Буянтогтох хүү Япон улсын морин хуурч, хөөмийч Харүхико Сага гуайтай хамтран тоглож буй нь.
Сайн үйлсийн эхлэл – Монгол өв соёл
Аав нь 2016 онд бурхан болсоноос хойш Н.Бямбадорж буянт хайрт эцгийнхээ хийж бүтээхийг зорьж байсан хүүхдүүдийн боловсролд тус дэм болох ажлыг эхлүүлж, өвөөгийнхөө нэр алдрыг олонд хүргэх юмсан гэж байнга бодох болжээ. Нэг удаа бага хүүгийнх нь сургуулиас малчны амьдралтай танилцах 1 өдрийн аялалыг зохион байгуулсан байна. Тэр аяллаар хүүхдүүд Төв аймгийн Эрдэнэ сумын малчин айлд очиж хурга, ишиг харж, зураг авхуулснаар дууссан байна. Энэ аялал хүүхдүүдэд ямар ч өгөөжгүй санагдаад монгол өв соёл, нүүдэлчин ахуйг нэг дор цогцоор нь бий болговол хүүхдүүд илүү олон зүйлтэй танилцаж, ихийг сурч мэдэх юм байна гэсэн бодол төржээ. Ингээд энэ санаагаа аавынхаа хийхийг хүсэж байсан зүйлтэй холбож, өвөөгийнхөө нэр алдрыг сэргээхээр хүүхэд, залуучууд, гадаадын иргэдэд өв соёл, ёс заншлаа танилцуулахаар санаа шулуудсан байна. Улмаар өөрийн санаагаа хань, ээж, ах дүү нартаа хэлж зөвлөлдөөд “Монгол өв соёл төв”-өө Баянзүрх дүүргийн 23-р хороо Улиастайд гэр хорооллын дунд байгуулж, Баянзүрх дүүргийн удирдлагууд, тус дүүргээс дэвшсэн УИХ-н гишүүдийг оролцуулан 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдөр нээлтээ хийжээ. Түүнээс хойш ах, эгч, дүү, найз нөхдийн дэмжлэгтэйгээр гурван жил үйл ажиллагаа явуулснаар “Монгол өв соёл төв” олон нийтэд танигдах болжээ. Энэ тухайгаа Б.Бямбадорж өгүүлэх нь,
“Манай төв нь 3-4 цагийн хөтөлбөрийн дагуу ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагчдыг (40-45 хүүхэд) ангиар нь хүлээн авч монгол өв соёл, ёс заншлыг танилцуулж, хүүхдүүдийг чөлөөтэй тоглох боломжийг бүрдүүлсэн. Тус төв нь цахим орчингүй тул хүүхдүүд гар утсаа багшдаа хураалгаж 4 цагийн турш хүндэтгэлийн өргөө, малчны өргөө, монгол наадгай өргөөтэй танилцаж, араг савраар аргал түүж, ноос савж, гар худгаас ус ховоодож, сур ээрүүлдэн элдэж, арвай тээрэмдэж, нум сум харваж, хөл бөмбөг өшиглөж, сагс тоглож, бөмбөг харилцаж, чөлөөтэй гүйж нааддаг. Өнгөрсөн 2024 оны 05 сард "Unread today" сонины сурвалжлагч, зураглаач нар манай төвийг сурвалжлан сониндоо танилцуулсан юм.
Монгол өв соёл, хүүхэд хөгжлийн төв
Манай төвийн эрхэм зорилго бол монгол өв соёл, ёс заншил, нүүдэлчин ахуйг хүүхэд залуучуудад бодитоор үзүүлж сурталчлан таниулах, тэднээр биечлэн хийлгэж сургах, түгээн дэлгэрүүлэх, өв соёл, ёс заншлаа мэддэг, ахмад үеэ хүндэлж дээдэлдэг, эх орноо хайрлаж, улс үндэстнээрээ бахархдаг, зөв хандлагатай, ёс зүйтэй эелдэг даруу Монгол хүнийг бий болгоход хувь нэмрээ оруулах юм.
- Хүүхдүүдийн сурч боловсрох орчныг бий болгож ёс зүйтэй, зөв хандлагатай хүнийг бий болгохыг зорьж байсан аавынхаа мөрөөдлийг биелүүлэх.
- Монгол өв соёл, нүүдэлчин ахуй, ёс заншлыг хүүхэд, залуучууд болон гадаадын иргэдэд сурталчлан таниулж, түгээн дэлгэрүүлэх.
- Монгол-Япон улсын хооронд соёлын гүүр болж Япон улсын соёлыг монгол хүүхдүүдэд таниулах.
- Монгол улсад их хэлмэгдүүлэлт болж байсныг хүүхэд, залуучуудад уламжлах.
Гэр бүлээрээ Япон улсад 9 жил амьдрахдаа эелдэг тусархуу олон хүний тус дэмээр маш их зүйлийг сурч мэдсэн учраас Японы ард түмэнд монгол өв соёл, ёс заншлыг бодитоор нь танилцуулах зорилготой. Монгол өв соёл төв маань Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо Улиастайн хуучин эцсийн автобусны буудлын ойролцоо, хотын төвөөс 13 км-ийн зайд гэр хорооллын дунд 0.5 га тэгш газартай хашаанд хүндэтгэлийн, малчны, монгол наадгайн, амралтын өргөө, барих гэр гэсэн 5 гэрт үйл ажиллагаа явуулдаг. Төв нь нэг удаа 40-50 хүүхэд хүлээж авах хүчин чадалтай, хүүхдүүд чөлөөтөө гүйж тоглох эрүүл тэгш газартай. Монгол өв соёл төвд ирсэн хүүхдүүдэд мэндлэх, хүндлэх ёсыг аль болохоор зааж сургахыг хүсдэг. Монголчууд шиг нутаг орныхоо цаг агаар, бэлчээр ус, мал сүргийнхээ тарга хүчийг асууж, дөрвөн улиралдаа тохирсон мэндчилгээгээр мэндчилж харилцан ярилцдаг улс үндэстэн хир олон байдаг юм бол доо, сайн мэдэхгүй байна. Тиймээс төвд хүүхдүүдэд 4 улирлын мэндчилгээг зааж сургах, монголчууд ямар зүйлүүдийг хүндэлж дээдэлдэг, бэлчээрийн мал аж ахуй эрхэлж байгаа малчид маань жилийн 4 улиралд ямар эд зүйлийг ашиглаж ажиллаж амьдардаг, уламжлалт тоглоомнууд, хөгжмийн зэмсгүүдтэй танилцах, гар худгаас ус ховоодох, арвай тээрэмдэх, араг үүрч савар бариад аргал түүх, ноос савах, бугуйл хаях, уурга барьж үзэх, нум сум харвах, хонь, тэмээний ноосоор утас ээрэх, сураар жирэм сүлжих, үхрийн ширэн хөм, хонь, ямааны элдсэн арьс гээд олон зүйлтэй танилцаж, өөрийн биеэр хийж үзэх боломжтой. Мөн үхэр болон тэмээн тэрэгтэй танилцана. Хүүхдүүдэд биологийн танин мэдэхүйн сургалтын зориулалттай хашаандаа нарс, шинэс, гацуур зэрэг шилмүүст мод, хайлаас, агч, монос зэрэг навчит мод, үхрийн нүд, бөөрөлзгөнө зэрэг жимсний мод 20 гаруй төрлийн 120 мод тарьсан юм. Төвд ирсэн хүүхдүүд гар худгаас ус ховоодож мод услаж, моднуудыг нүдэлж таниж авдаг.
Монгол өв соёл, хүүхэд хөгжлийн төв.
Бид гэрүүдийнхээ тайлбарыг хийхдээ чанга яригч ашигладаг. Танилцуулга дууссаны дараа чанга яригчаа хүүхдүүдэд өгч дуу дуулж, шүлэг унших хүсэлтэй хүүхэд байгаа эсэхийг асуухад бие биеээсээ өрсөн дуулж, шүлэг уншдаг нь их өхөөрдөм байдаг. Санхүүгийн боломжтой болбол хүүхдүүдээр жирэм сүлжих, жижиг ташуур хийх, дээлийн товч сампин зангидах, тэмээний ноосоор утас ээрэх зэргийг хийлгээд өөрсдөд бэлэг болгон өгвөл тэд би хийсэн юм гээд тухайн эд зүйлээрээ бахархах сэтгэл төрөх болов уу. Манай төв нь жил бүр нийгмийн тустай арга хэмжээнд анги хамт олноо манлайлан оролцдог 10 дугаар ангийн хүүхдүүдээс сонгож 1 хүүхдэд БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн дарга асан Лосолын Лааганы нэрэмжит шагналыг олгодог. Бид тус шагналыг 2023 онд 3, 2024 онд 4, 2025 онд 4 хүүхдэд олгоод байна.
Цахим эрин үеийн хүүхдүүд
Би өөрийн ах дүүс, найз нөхдийнхөө хүүхдүүдийг хараад хотод өсөж байгаа хүүхдүүд гар утас, компьютер, зурагтын хамаарлаас болж хөдөлгөөний дутагдалтай, бие султай хүмүүс болон өсөж байгааг их анзаардаг. Эцэг эхчүүд бид завгүй гэх шалтгаанаар хүүхдүүддээ монгол ёс заншлаа хэлж сургахгүй байгаагаас хүнтэй зөв мэндэлдэггүй, зочиндоо аяга цай хийж өгдөггүй, цай хоолоо зөв бариад цэвэрхэн идэж чадахгүй хүүхдүүд олширсоор байна. Монгол өв соёл төвд ирээд гүйж тоглож байгаа хүүхдүүдийг харахад хөдөлгөөний дутагдлаас болж өрөөлдөж гүйдэг, бөмбөг шидэж, өшиглөхдөө зүг чигийн баримжаагүй хүүхдүүд олон болжээ. Цахим эрин үеийн хүүхдүүдийг бид арай өөр аргаар хүмүүжүүлэх ёстой мэт санагдана. Монгол соёлын төвд ангиараа ирээд гар утсаа унтрааж, монгол ахуй дунд ороод тоглож наадах зуураа үндэсний өв соёлоосоо суралцаж, асууж лавлаж, харилцан мэтгэлцэж, заримдаа гайхширч бахархсан төрх царайд нь гийж зогсоо хүүхдүүдийг харж суухдаа зөв зүйл хийж байгаа гэдэгтээ улам итгэлтэй болдог билээ.
Хайрт аав, ээж хоёрыгоо дурсахын учир
Аймгийн хурц арслан Л.Найдан гэргийн хамт. Япон улс, Хоккайдо мужийн Саппоро хот.
Бид аав ээжээсээ ах дүү арван хоёулаа. Миний аав малын эмч мэргэжилтэй хөдөө явж ажилладаг байсан учраас ээж Р.Даваахүү хүүхдүүдээ өсгөж хүмүүжүүлсэн. Аавын минь цалингаар гэр бүлийнхээ амьдралыг зохицуулаад, 12 хүүхдээ бүгдийг нь дээд сургуульд сургаж мэдлэг, чадвартай боловсон хүчнүүдийг эх орондоо бэлтгэн өгч Монгол орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан хоёр буурлаараа үргэлж бахархаж, дээдэлж явдаг. Бурхан хоёр буурал маань биднийг гэрийн хүмүүжлээр зөв хүн болгон хүмүүжүүлж өсгөсний ачаар бид мэдлэг, боловсролтой хүмүүс болж хүний зэрэгтэй сайхан амьдарч байна. Сайн хүний үр, сүүтэй гүүний унага гэдэг болохоор бид хүүхдүүд, ач зээ нараа эрдэм боловсролтой зөв хүмүүс болгон өсгөн хүмүүжүүлэхээр хичээж л явна. Аавыгаа улс төрийн хэлмэгдлийн шуурганд алдсан балчир хүү эрийн цээнд хүрч, ажил амьдралд цуцахгүй зүтгэж, аймгийн арслан цол хүртэж, арван хэдэн хүүхэд төрүүлж өсгөн толгойдоо эрдэмтэй, сэтгэлдээ галтай зөв тэгш хүмүүс болгон хүмүүжүүлжээ. “Хүнд хэцүү цаг үе хүчирхэг хүмүүсийг төрүүлдэг” гэсэн үг байдаг. Аав ээж, өвөг дээдсийн маань амьдарч асан тэр цаг үе улс төрийн хувьд ороо бусгаа, хэлмэгдэл, хагацал үзэж, хүнд хүчир хөдөлмөрт зүтгэсэн он жилүүд байжээ. Гэвч тэд минь нугаршгүй хаттай, бие сэтгэлийн тэсвэр тэвчээртэй, ажил хөдөлмөрт оройлон манлайлагч байж, цагийн шуургыг сөрөн үр хүүхдүүдээ мөр бүтэн, гэдэс цатгалан, толгойдоо оюун эрдэмтэй шударга хүмүүс болгож өсгөж, өнөөгийн сайн цагтаа золгуулсны ачийг мартах учир үгүй билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







