Япон улс алсын тусгалтай пуужин анх удаа байршуулав
Японы Өөрийгөө хамгаалах хүчин "Type-12" загварын хөлөг онгоц эсэргүүцэгч пуужингуудыг Кюүшюү арлын Күмамото дахь баазад анх удаа байршуулж эхэллээ. Энэхүү алхам нь тус улсын батлан хамгаалах салбарт гарч буй түүхэн өөрчлөлт бөгөөд улсын батлан хамгаалах бодлого "зөвхөн хамгаалах" зарчмаас "сөрөг цохилт өгөх" чадамжтай болох чиглэл рүү шилжиж буйг илтгэж байна. Японы дотооддоо үйлдвэрлэсэн "Type-12" пуужингууд өмнө нь ердөө 200 км хүртэлх зайд тусдаг, зөвхөн эрэг орчмоо хамгаалах зориулалттай байв. Тэгвэл шинээр байршуулсан пуужингууд нь 1000 гаруй километрийн зайд тусах чадвартай бөгөөд энэ нь Японы эх газраас хөрш орнуудын цэргийн баазуудад хүрэх боломжтой гэсэн үг юм. Засгийн газрын зүгээс бүс нутгийн аюулгүй байдал, тэр дундаа Хятад болон Хойд Солонгосын зэвсэглэх үйл явц идэвхжиж байгаатай холбогдуулан ийнхүү алсын тусгалын зэвсэглэлээ яаравчлан нэмэгдүүлэх шийдвэр гаргажээ.
Ерөнхий сайд Санаэ Такаичи болон Батлан хамгаалах яамны удирдлага энэхүү үйл ажиллагааг бүс нутгийн тогтвортой байдлыг хангах, болзошгүй халдлагаас урьдчилан сэргийлэх зорилготой хэмээн тайлбарлаж байна. Пуужин байршуулах үйл явц үе шаттай үргэлжлэх бөгөөд ирэх жилүүдэд стратегийн ач холбогдолтой бусад арлуудад нэмж байршуулахаар төлөвлөжээ. Гэсэн хэдий ч энэхүү шийдвэр нь Япон улсын Үндсэн хуулийн энх тайванч үзэл баримтлалд нийцэж буй эсэхэд дотоодын иргэний нийгмийн байгууллагууд болон хөрш орнууд эргэлзэн, болгоомжтой хандаж байгаа юм. Харин Токио энэ алхмаа олон улсын хууль тогтоомжид нийцэж буй төдийгүй өөрийгөө хамгаалах эрхээ хэрэгжүүлж байгаа явдал хэмээн тайлбарлаж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







