Москвад яагаад интернэт тасрав?
© RT

Москвад яагаад интернэт тасрав?


   ОХУ-ын нийслэл Москва хотод гуравдугаар сарын 5-ны өдрийн оройноос эхлэн интернэт тасалдаж, үүрэн телефоны үйлчилгээ доголдож эхэлсэн талаар хэвлэлүүд мэдээлсэн билээ. 5-ны орой энэ явдал Москвагийн өмнөд дүүргүүдэд тохиолдсон бол 6-наас эхлэн төвийн дүүрэгт ажиглагджээ. Мөн нэг дүүрэгт интернэт ажиллаж байгаа хэрнээ зэргэлдээ дүүрэгт ажиллахгүй байх явдал одоо ч үргэлжилсээр байна. Тэгвэл ОХУ-ын ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков өчигдөр энэ талаар тайлбар хийжээ. “Энэ нь аюулгүй байдлыг хангах эн тэргүүний шаардлагатай холбоотой болов уу” хэмээн түүний товчхон хэлснийг ТАСС агентлаг уламжилжээ.  

   Үүрэн телефоны хэрэглэгчдийн гаргаж буй гомдлоос үзэхэд, сүлжээ байнга тасарч, банкны болон үйлчилгээний бусад картууд ажиллахгүй, байрлал тогтоогчийн ажиллагаа доголдож буйн улмаас төлбөр хийж болохгүй байгаа тул таксины жолооч нар үйлчилгээ үзүүлэхгүй байна. Зарим газар сүлжээ бүрмөсөн тасарч, эмнэлэг, цагдаа, гал командынхаас өөр дугаар луу залгаж болохгүй байгаа аж. Үүрэн телефоны хамгийн том компани “Мегафон” сүлжээнд хязгаарлалт хийгээгүй болохоо тайлбарлаад “Манай компаниас шалтгаалахгүй хүндрэлүүд гарч болзошгүй” хэмээн анхааруулсан бол МТС компани тайлбар хийхээс татгалзсан байна. Харин Т2 компани “Хязгаарлалтууд аюулгүй байдлын арга хэмжээтэй холбоотой”, “Билайн” компани ”Манайхаас юу ч шалтгаалаагүй” гэжээ.        


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.