Монгол улс эмэгтэй шатарчдынхаа үзүүлэлтээр дэлхийд тэргүүлэв
© Олон улсын шатрын холбоо

Монгол улс эмэгтэй шатарчдынхаа үзүүлэлтээр дэлхийд тэргүүлэв


   Олон улсын шатрын холбоо (FIDE) шатрын спорт дахь эмэгтэй, эрэгтэй тоглогчдын оролцооны тэгш байдлын үзүүлэлтийн шинэ индексийг гаргаснаа (Gender Equality in Chess Index) танилцууллаа. Дэлхийн шатрын холбоодын дунд жендерийн тэгш байдлын түвшинг 0-100 хүртэлх оноогоор үнэлдэг энэ индексийг оролцоо, амжилт, ахиц гэсэн гурван үндсэн үзүүлэлтэд суурилан гаргадаг. Энэ удаагийн буюу хоёр дахь удаагийн индексийг Дэлхийн шатрын холбооны гишүүн 119 улсын 2023 оноос хойшхи үзүүлэлтээр гаргасан бөгөөд Монгол улс эмэгтэй шатарчдын оролцоо, хөгжлөөр нэгдүгээр байрт 89.26 оноогоор бичигдсэн байна. Удаах байруудад Шри Ланка (86.99), Уганда (84.62), Арабын Нэгдсэн Эмират (82.97), Малайз (79.31), Кени (78.80) улсууд оржээ. Монголын ФИДЕ рэйтингтэй идэвхтэй шатарчдын 40 шахам хувь нь эмэгтэйчүүд байгаа нь дэлхийн дундаж болох 16 хувиас хавьгүй өндөр үзүүлэлт юм. Олон улсын шатрын холбоо энэ индексийг шатарт эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, бодлого боловсруулах, хөгжлийн зорилт тодорхойлох статистик хэрэгсэл болгон ашигладаг байна. Шатрын спортод эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдэж байгаа ч дэлхийн хэмжээнд нийт шатарчдын дунд эмэгтэйчүүдийн эзлэх хувь харьцангуй бага хэвээр байгаа тул FIDE энэ зөрүүг багасгах олон улсын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсээр байгаа юм.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.