Б.Энх-Оргилыг шүтдэг ирланд хөлбөмбөгчин биедээ монгол бичгээр шивээс хийлгэжээ
Монгол улсын Гавьяат тамирчин, Өмнөд Солонгосын “Physical: Asia” телевизийн шоуны оролцогч, тулааны спортын тамирчин Б.Энх-Оргилыг бишрэн шүтдэг ирланд залуу түүний хэлсэн үгийг биедээ монгол бичгээр шивүүлжээ. Ирландын хөлбөмбөгийн лигийн нэгдүгээр дивизионд багтаж буй “Cork City” клубийн тамирчин Мэтью Мюррэй Иглэсиас энэ шивээсийг хийлгэхдээ эдүгээ Лондон хотод амьдарч буй орчуулагч, “Authentic Mongolia” номын зохиогч Ц.Дөлгөөнөөс чухам ямар үг бичүүлэх талаар зөвлөгөө хүссэн байна. “Фэйсбүүк” хуудсандаа өчигдөр Ц.Дөлгөөний бичсэнээр тэрбээр ирланд залуугийн хүсэлтийг биелүүлэхийн тулд Б.Энх-Оргилд хандсан гэнэ. Тамирчин үүний хариуд “Монгол бичгээр юм чинь монгол үг, хэлц зүгээр” хэмээн хэлсэн бөгөөд “Эзэн хичээвэл заяа хичээнэ” хэмээх үгийг сонгосныг Ц.Дөлгөөн дамжуулаад зогсохгүй уг үгийн утгыг тодорхой тайлбарлаж өгсөн байна. М.Иглэсиас үүнийг хүлээн авч бугалган дээрээ энэ үгийг шивүүлжээ. Улмаар Ц.Дөлгөөнд мессэжээр “Одоо эдгээд ёстой гоё болсон. Хүн бүр асуудаг. Би бахархалтай нь аргагүй тайлбарлаж, бүр шүтэж биширч явдаг, санаа авч дуурайж шивээс хийлгэсэн тэр мундаг аварга минь бүр өөрөө надад зөвлөсөн… Ийм утгатай монгол үг гээд ярьж өгдөг” хэмээн бичсэн гэнэ. Ц.Дөлгөөн энэ талаар ”Фэйсбүүк” хуудсандаа хуваалцахдаа “Б.Энх-Оргил аварга маш гүн бодолтой, ихийг тунгаадаг, үндэсний бичиг соёлдоо гүн хүндэтгэлтэй хандаж, сүсэлж явдаг юм билээ” хэмээн тэмдэглэжээ.

М.Иглэсиасын бие дэх шинэхэн шивээс. © facebook.com/ts.dulguun
Ирландын хөлбөмбөгийн “Cork City” клубийн тамирчин Мэтью Мюррэй Иглэсиас.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







