"Монгол цэрэг” шүлгийг эзэмших эрхийг Монгол цэргийн нэгдсэн холбоо авчээ
Яруу найрагч Д.Болдхуяг. © Wikimedia Commons

"Монгол цэрэг” шүлгийг эзэмших эрхийг Монгол цэргийн нэгдсэн холбоо авчээ


   Монгол улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсч хөгжсөний 105 жилийн ойг тохиолдуулан Монгол цэргийн нэгдсэн холбоо төрийн бус байгууллага “Болор цом”-ын шагналт яруу найрагч Д.Болдхуягийн “Монгол цэрэг” шүлгийг эзэмших эрхийг албан ёсоор авчээ. Өчигдөр Соёлын өргөөнд болсон Монгол цэргийн баярын ёслолын ажиллагааны үеэр Батлан хамгаалахын сайд Д.Батлут яруу найрагч Д.Болдхуягт хүндэтгэл үзүүлэн дурсгалын зүйл гардуулсан байна. Үүний өмнө энэ шүлгийн клипийг Батлан хамгаалах яамны харьяа “Дуулга” студи бүтээж, Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн хамт олон тоглосон бөгөөд шүлгийг Соёлын гавьяат зүтгэлтэн Р.Өнөржаргал уншжээ. 2022 онд бичсэн уг шүлгийг Монгол цэргийн өдрийг тохиолдуулан уншигчдадаа толилуулж байна.

 

Дорж-Юндэнгийн Болдхуяг

МОНГОЛ ЦЭРЭГ

Хөх төрийнхөө зарлигт мөргөж 

Хөхрөгч тэнгэрийн хаяаг зорьсоор 

Хөхлөө хийсгэсэн арван тавтууд

Хөдөө арлаас мордсон байж таарна

 

Цавчаал боомтын цонжийг нурааж

Цагаан хэрмийг улаанаар урвуулаад

Цайзын сүүдэрт сэрүүцэж хэвтэхдээ

Цаст Алтайгаа санасан байж таарна

 

Ялт Тангудын борвийг огтолж

Яргай хотыг үнсээр хийсгээд

Ядарч туйлдсан арван зургаат

Янаг охиноо мөрөөссөн байж таарна

 

Омогт рыцарийг домогт үлдээж

Орон хотыг нь захирч хоцрохдоо 

Отгонтэнгэрийнхээ сэрүүн салхийг

Олон оноор зүүдэлсэн байж таарна

 

Далайн чичрэг өвчинд дайруулж

Дагжиж хоносон арван долоот

Наран улс руу хөвж явахдаа

Намрын говио хүсэмжилсэн байж таарна

 

Уулын өвгөдийн Бүргэдийн үүрэнд

Улайрсан ассасины турсагыг хуулчхаад

Умдаасаж ангасан хүлэг баатар

Улиастайн бороог үгүйлсэн байж таарна

 

Ширэнгэн ойн өмхий намагт

Ширэн хуяг нь үжирч муудсан

Шийдэж улангассан арван наймт

Шишгэд голоо мөрөөдсөн байж таарна

 

Багдадын халифыг бахируулан чирж

Баялаг санд нь оньсолж орхиод

Бахадсан сэтгэлээ дарж ядахдаа

Баатар эцгээ дурссан байж таарна

 

Шахын цэргийг нэхэж яваад

Шанаа түүшээ нэвт харвуулж

Шархны халуунд дэмийрч хэвтэхдээ

Сайхан ээжээ дуудсан байж таарна

 

Морин дэл дээр төрж өссөн

Монгол цэргийг үхэж байхад 

Эх нутгийнх нь тэнгэр өнгийж

Энгэрээс нь угзарч босгосон байж таарна

 

Тэнгэр нуравч тэвчээр нь нугараагүй

Тэнгэрлэг эзнийхээ зарлигийг хугалаагүй

Халуун амиа илдэнд тушаахдаа ч

Хааны цэрэг амь гуйгаагүй ээ.

Улаанбаатар хот. 2022 он. 


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.