Дайны бооцоо тавьж мөнгө олдог зах зээлийн шинэ хэлбэр бий болжээ
Өмнө нь дэлхийн геополитикийн хямрал хурцдах үед хөрөнгийн зах зээлийн манлайлагчид батлан хамгаалах компаниудын хувьцааг худалдаж авах, эсвэл алт, газрын тос зэрэг аюулгүй салбарт хөрөнгө оруулалт хийдэг байв. Харин орчин үед байдал эрс өөрчлөгджээ. "Пуужин хэзээ, хаана унах вэ? Аль улсын удирдагчийг түлхэн унагах вэ?" гэх мэт тодорхой явдлуудад бооцоо тавьдаг санхүүгийн зах зээлийн шинэ хэлбэр бий болсон байна. Өчигдрийн байдлаар АНУ-Израил болон Ираны хоорондох дайны таамаглалын зах зээлийн “Polymarket”, “Kalshi” платформ дээр цэргийн мөргөлдөөний үр дүнгийн талаарх бооцоо, арилжааны хэмжээ 700 гаруй сая долларт хүрчээ. Нэг үгээр хэлбэл улс орнуудын хооронд үүссэн дайн самууны гамшиг нь бооцоо тавигчдад асар том казино болж хувирсан байна. Энэ асар том мөрийтэй тоглоомын талбар нь дайны мөн чанарыг задалж, олон арван бооцооны ангилалд хуваана. Оролцогчид АНУ-ын арми Ираны нутаг дэвсгэрт нэвтрэх магадлалыг 66 хувь гэж тооцоолж, мөн ирэх зургаадугаар сарын сүүлээс өмнө АНУ болон Ираны хооронд гал зогсоох магадлал 55 хувь гэж үзсэн байна. Түүнчлэн, Дээд удирдагч асан Али Хаменеигийн аллагын дараа Исламын Бүгд Найрамдах Иран улсын дэглэм өөрөө нуран унах тухайд идэвхтэй мөрийцөж, гуравдугаар сарын 31-нээс өмнө дэглэм нуран унах (4%), зургаадугаар сарын 30-наас өмнө нуран унах (29%) гэсэн тодорхой хугацааны хоёр магадлалыг арилжаалж байна. Мөн “Kalshi” платформ дээр АНУ-ын засгийн газар Ираны хунтайж асан Реза Пахлавиг дэглэм нуран унасны дараа албан ёсны удирдагчаар хүлээн зөвшөөрөх эсэх талаар 650 мянган доллар байршуулсан бөгөөд энэ нь батлагдах магадлал 27 хувь гэж үзэж байна. Улмаар түүхий газрын тосны тээвэрлэлтийн гол цэг болох Ормузын хоолойн хаалтыг хэвийн болгох магадлал 24 хувиар арилжаалагдаж байгаа бөгөөд үүнд АНУ-Ираны цөмийн хэлэлцээрийг наймдугаар сараас өмнө дахин эхлүүлэх (24%), Ерөнхийлөгч Дональд Трамп зургаадугаар сараас өмнө Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа зогсоох (74%) зэрэг мөрий багтаж байна.
Дэлхийн санхүүгийн салбарын шинжээчид болон аюулгүй байдлын мэргэжилтнүүд эдгээр мөрийтэй тоглоомын сүлжээг "Дэлхийн хамгийн үнэн зөв мэдээлэл бүхий газар” гэж тодорхойлж байна. Учир нь тэдний дэвшүүлсэн магадлал дэлхийн нөлөө бүхий хэвлэлүүдийн таамаглал, эсвэл шинжээчдийн бүлгүүдийн субъектив дүн шинжилгээнээс хамаагүй илүү бодитой, үнэн зөв үзүүлэлт болдог байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







