Г.Занданшатар: Казахын үндэсний соёлын төв байгуулна
Наурызын баяр. Сүхбаатарын талбай. © Засгийн газрын Хэвлэл мэдээлллийн алба

Г.Занданшатар: Казахын үндэсний соёлын төв байгуулна


   Сүхбаатарын талбайд өчигдөр болсон Наурызын баярт оролцож үг хэлэх үеэрээ Монгол улсын Ерөнхий сайд Г.Занданшатар нийслэлийн Сүхбаатар дүүргийн наймдугаар хороонд казах түмний үндэсний соёлын төв байгуулахаар болсныг олон нийтэд анх удаа мэдээллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ ”Эх орныхоо өнгөрсөн болон өнөө, ирээдүйн хөгжил, дэвшлийн төлөө хөдөлмөрч казах ард түмний оруулсан хувь нэмрийг үнэлж баршгүй” хэмээн талархаад, Засгийн газраас үндэстний цөөнхийн хэл, соёлыг хамгаалах, өвлүүлэн уламжлуулахад онцгойлон анхаарч Хос хэлний боловсрол, сургалтын талаар баримтлах чиглэлийг баталсныг онцлон тэмдэглэжээ. Ийн баталснаар Монгол хэлний тухай хуульд заасны дагуу хос хэлний хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж, казах хүүхэд багачууд хос хэлээр боловсрол эзэмших боломж нээгдсэнийг Г.Занданшатар мөн дурдсан байна. Монгол улсын 150 мянган казах иргэний 40 мянга нь Улаанбаатар хотод ажиллаж, амьдарч байгаа юм.

   Г.Занданшатар мөн өдөр Налайх дүүрэгт амьдарч буй казах үндэстэн Ж.Өмырынд зочлон хүндэтгэл үзүүлжээ. Өндөр настан Ж.Өмыр нь 1978 онд Баян-Өлгий аймгаас Хэнтий аймгийн Чандганы сангийн аж ахуйд илгээлтээр очиж ажилласан бөгөөд Г.Занданшатарын аав Д.Гомбожав тус аж ахуйн даргаар 1981 онд томилогдон олон жил ажиллаж Чандаганы САА улсын хэмжээнд хамгийн их ургац хураасан аж ахуйгаар удаа дараа шалгарч байсан түүхтэй.

   Казахстаны Засгийн газраас гадаадад байгаа элэг нэгтнүүддээ зориулж “Отандастар” санг 2017 онд байгуулсан билээ. Энэ сангийн дэмжлэгтэйгээр дэлхийн казах хэл, соёл, зан заншлыг сурталчлах "Казах гэр" (Abai Centers) болон соёлын төвүүд 30 гаруй оронд үйл ажиллагаа явуулж байна.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.