Япон улс АНУ-д интоорын 250 мод бэлэглэнэ
Пүрэв гарагт Цагаан ордонд болсон дээд хэмжээний уулзалтын өмнө. © Японы Засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба/Kyodo

Япон улс АНУ-д интоорын 250 мод бэлэглэнэ


   Энэ жил болох АНУ-ын Тусгаар тогтнолын 250 жилийн ойн баярыг тохиолдуулан Япон улс 250 интоорын мод бэлэглэх гэж буй талаар хоёр улсын төрийн тэргүүн өнгөрөгч пүрэв гарагт Вашингтонд уулзах үеэрээ ярилцжээ. Дональд Трамп, Санаэ Такаичи нар энэхүү бэлгийг хоёр улсын "Мөнхийн нөхөрлөлийн бэлгэ тэмдэг” хэмээн онцолсон байна. Пүрэв гарагт Цагаан ордонд болсон дээд хэмжээний уулзалтын өмнө хоёр улсын удирдагч Японоос авчирсан интоорын модны суулгацын өмнө гэрэл зургаа татуулсан байна. Энэ үйл явдал нь 1912 онд Токиогоос Вашингтонд интоорын 3000 орчим мод бэлэглэснээр эхэлсэн түүхэн уламжлалын үргэлжлэл юм. Ерөнхийлөгч Д.Трамп ерөнхий сайд Санаэ Такаичи болон Гадаад хэргийн сайд Тошимицү Мотэги, Худалдааны сайд Рёосей Аказава тэргүүтэй төлөөлөгчидтэй зоог барихдаа хэлсэн үгэндээ "Зуу гаруй жилийн турш энэ үзэмжит сайхан цэцэгс Америкийн нийслэлийг чимж ирлээ. Энэ жил бид дахин 250 мод хүлээж авах болсондоо баяртай байна. Вашингтоны хөшөө орчимд суулгах эдгээр мод ирээдүй хойч үеийнхэнд маань бидний мөнхийн нөхөрлөлийг сануулах болно" гэжээ. Харин Санаэ Такаичи хариу хэлсэн үгэндээ "Вашингтон хотод интоорын цэцэг дэлгэрэх нь хавар ирснийг зарлахаас гадна Япон, АНУ-ын найрамдалт харилцааны түүхийг илэрхийлдэг" гэсэн байна. 2024 онд тухайн үеийн ерөнхий сайд Фүмио Кишидагийн айлчлалын үеэр танилцуулж байсан энэ төлөвлөгөөг Япон улс энэ ондоо багтаан хэрэгжүүлэхийг зорьж байгаа ажээ. Талууд мөн хэлэлцээнд илүү цаг гаргах үүднээс, төлөвлөөд байсан үдийн зоогийг цуцалж, албан ёсны уулзалтыг шууд үргэлжлүүлсэн байна.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.