Монгол орны ундны усан дахь ураныг судалсан эрдэмтдийн бүтээл Төрийн шагналд нэр дэвшив
Анх 1946 онд “Маршал Чойбалсангийн нэрэмжит шагнал” хэмээх нэрээр олгож эхэлсэн Монгол улсын Төрийн шагналын 80 жилийн түүхэнд уг шагналд анх удаа физикч, химич эрдэмтдийн хамтын бүтээлийг нэр дэвшүүлжээ. Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүр хүртээдэг энэ шагналд шинжлэх ухаан, танин мэдэхүйн шинэ онцгой туурвил, анхдагч шинэ техник, технологи, урлаг, утга зохиолын шилдэг гарамгай бүтээлийг нэр дэвшүүлдэг журамтай. Тэгвэл энэ удаа Шинжлэх ухааны академийн Физик, технологийн хүрээлэн эрдэмтэн Х.Цоохүү, О.Болормаа, Н.Тэгшбаяр нарын “Монгол орны ундны усан дахь уран” нэгэн сэдэвт хамтын бүтээлийг нэр дэвшүүлжээ. Физик, химийн салбарын эрдэмтдийн баг 2012 оноос эхлэн 10 гаруй жилийн хугацаанд Монгол орны 304 сум, гурван тосгоны гүний уст цэгүүдээс 1000 гаруй дээж авч, физик, гидрогеохимийн шинжилгээ хийж, эрдсүүдийг тодорхойлсон бөгөөд дээрх гурван эрдэмтэн энэ ажлын нэг чухал хэсэг болох усны уран, хүнд элементүүдийн агуулгыг тодорхойлон “Монгол орны ундны усан дахь уран” хэмээх бүтээлийг хамтран туурвисан байна. Уг бүтээл нь хүн амын ундны усны цацрагийн талаарх суурь материалыг бий болгож, цаашид харьцуулалт хийх боломжийг бүрдүүлж өгснөөр Монгол орны ундны усны цацрагийн хяналт-шинжилгээний эхлэлийг тавьсан юм. Манай орны хувьд уран олборлож шар нунтаг хүртэл боловсруулах явцад ундны гүний усны ураны суурь дэвсгэр хэмжээг тогтоох нь чухал ач холбогдолтой болж байна. Төрийн шагналд нэр дэвшсэн эрдэмтэн Х.Цоохүү нь Физик, технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, Монгол улсын Гавьяат багш, МУИС-ийн профессор, физик-математикийн шинжлэх ухааны доктор бол О.Болормаа нь МУИС-ийн Химийн тэнхимийн эрхлэгч, химийн ухааны доктор, профессор, харин Н.Тэгшбаяр нь Эдийн засаг, хөгжлийн яамны харьяа Шинжлэх ухааны паркийн захиргааны гүйцэтгэх захирал, физикийн ухааны доктор ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







