Монголд ирсэн Вьетнамын сансрын нисэгч Фам Туан гэж хэн бэ?
Ж.Гүррагчаа, Фам Туан нарыг Ерөнхий сайд Г.Занданшатар хүлээн авч уулзав.

Монголд ирсэн Вьетнамын сансрын нисэгч Фам Туан гэж хэн бэ?


   Монгол хүн сансарт ниссэний 45 жилийн ойгоор өнгөрөгч долоо хоногт манай улсад ирсэн нэгэн сонирхолтой зочин нь Вьетнамын төдийгүй тухайн үеийн Азийн анхны сансрын нисэгч Фам Туан байв. Тэрбээр сансрын нисэгч Ж.Гүррагчаатай уулзаж, “Сансрын хамтын ажиллагаа” олон улсын эрдэм шинжилгээний хурал, “Central” телевизийн “The Tonight Show” нэвтрүүлэгт оролцсон бөгөөд хоёр сансрын нисэгчийг Монгол улсын Ерөнхий сайд Г.Занданшатар хүлээн авч хүндэтгэл үзүүлсэн билээ. Дашрамд дурдахад Ж.Гүррагчаа, Фам Туан нар хоёул 1947 онд төрсөн нас чацуутнууд юм.

   Фам Туан нь тухайн үеийн Хойд Вьетнам дахь Францын колонийн Куоктуан тосгонд тариачин айлд төржээ. 1965 онд дунд сургуулиа дүүргээд Вьетнамын Ардын армид элсэн агаарын цэргийн ангид техникчээр ажиллаж байв. Улмаар ЗХУ-д нисэхийн сургалт дүүргэн Вьетнамын армийн сөнөөгч онгоцны 921 дүгээр ангид МиГ-17, МиГ-21 онгоц жолоодох болжээ. 1972 онд Америкийн онгоцууд Ардчилсан Вьетнамын цэргийн байгууламжуудыг бөмбөгдөхөд Фам Туан байлдааны нислэг хийж, дайсны B-52 онгоцыг устгасан бөгөөд энэ нь Америкийн B-52 онгоц тулалдаанд сөнөсөн анхны тохиолдол хэмээн түүхэнд бичигдсэн юм.

   Фам Туан 1976 онд ЗХУ-ын Ю.Гагарины нэрэмжит Цэргийн нисэхийн академид элсэн суралцсан байна. Улмаар 1977 онд олон улсын сансрын ”Интеркосмос” хөтөлбөрт бүрэлдэхүүнд сонгогдож сансрын нисэгчийн бэлтгэл хийж эхэлсэн бөгөөд 1980 онд “Союз 37” хөлгөөр Зөвлөлтийн нисэгч Виктор Горбаткогийн хамт сансарт нисчээ.

   Тэрбээр 1989-1996 онд Вьетнамын Агаарын цэргийн хүчний командлагчийн улс төрийн орлогч, 1996-2000 онд Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын үйлдвэрлэлийг удирдах газрын улс төрийн орлогчоор ажиллаж байгаад 2000 оноос уг газрын дарга болсон бөгөөд 2002 онд Вьетнамын Цэрэг арилжааны хувь нийлүүлсэн банкны захирлаар томилогджээ. Улмаар 2008 онд тэтгэвэртээ гарсан байна. Фам Туан нь Вьетнам улсын Ардын зэвсэгт хүчний баатар, Хөдөлмөрийн баатар, дэслэгч генерал цолтой. Түүний эхнэр Чан Тхи Фыонг Тьен цэргийн сувилагчаар ажиллаж байсан бөгөөд тэд хоёр охинтой, Ханой хотод амьдардаг байна.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.