АНУ цагдаагийн дарга байсан хүнийг Ираны дээд удирдагч болгохоор судалж байна
Ираны дээд удирдагчийн албан тушаалд байвал тохиромжтой гэж үзэх хүнээ Цагаан ордон сонгон судалж байгаа талаар Америкийн “Politico” сонин өнөөдөр мэдээллээ. Энэ албан тушаалд Ираны парламентын дарга Мохаммад-Багер Галибафыг тохиромжтой хэмээн Цагаан ордон үзэж байгаа талаар тус сонин Д.Трампын засаг захиргаан дахь хэд хэдэн эх сурвалжид тулгуурлан мэдээлжээ. АНУ болон түүний холбоотнуудад хариу барина хэмээн сүрдүүлсээр ирсэн 64 настай Мохаммад-Багер Галибафыг дайны дараагийн үе шатанд Вашингтонтой хэлэлцээнд орж харилцан ойлголцох, улмаар цаашид хамтран ажиллах бололцоотой хүн хэмээн Цагаан ордон үзэж байгаа аж. Гэхдээ АНУ нэг хүнийг эцэслэн сонгоод байгаа хэрэг биш, тохиролцож чадах хэд хэдэн нэр дэвшигчийг ажиглаж, судалж буй гэдгийг эх сурвалжууд тодотгожээ. “Галибафаас өөр сонголт байхгүй гэж ойлгох хэрэггүй. Байж болох хэд хэдэн хүний нэг нь л тэр. Судалж байна, яаран шийдэхгүй” хэмээн эх сурвалж “Politico” сонинд ярьсан байна. Д.Трампын засаг захиргаа хэл амаа ололцож болох хүнийг Ираны удирдлагад томилохоор яарч буй нь газрын тосны үнэ өсч, дэлхийн зах зээл хямран улмаар инфляц нэмэгдэх төлөвтэй байгаад дүгнэлт хийж Ираныг гацааны байдлаас гаргахыг яарч буйн дохио хэмээн тус сонин бичжээ.
Мохаммад-Багер Галибаф 19 настайдаа анх Иран-Иракийн дайнд оролцсоноос хойш тус улсын цэрэг, цагдаагийн байгууллагын удирдах албан тушаалуудыг дараалан хашиж ирсэн юм. Тэрбээр 1997-2000 онд Исламын хувьсгалыг хамгаалах корпусын Агаарын цэргийн хүчний командлагч, 2000-2005 онд Ираны Цагдаагийн удирдах газрын дарга, 2005-2017 онд Тегеран хотын захирагчаар ажиллаж байжээ. Мөн 2024 онд болсон Ираны ерөнхийлөгчийн сонгуульд оролцож, сонгогчдын 14 хувийн санал авч байв. 2025-2026 онд Иран даяар өрнөсөн эсэргүүцлийн хөдөлгөөний үеэр тэрбээр жагсагчдыг дайсан этгээд, алан хядагчид хэмээн үзэж, хатуу шийтгэхийг уриалж байжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







