Оросын сургуулийн сурагчид Чингис хааны өв залгамжлагчдын талаар лекц сонсоно
Өнгөрсөн долоо хоногт Москва хотын Кремлийн музейд нээгдсэн “Чингис хааны үр сад. Орос орон ба дэлхий ертөнц” үзэсгэлэнгийн хүрээнд болох арга хэмжээний дундуур Оросын дунд сургуулийн сурагчдад зориулан “Чингис хааны өв залгамжлагчид” сэдэвт лекц зохион байгуулахаар болжээ. Дөрөвдүгээр сарын 4-20-ны өдрүүдэд болох уг лекцийг ОХУ-ын нэртэй эрдэмтэд, түүхчид уншина. Мөн үзэсгэлэнгийн хүрээнд “Чингис хааны үр сад Москвагийн ноёдод алба хашиж байсан нь”, “Орос орон ба Чингисийн удмынхан”, “Өнгөрсөн үеийн гэрчүүд. XVI–XVII зууны үеийн Оросын орд өргөөн дэх Чингисийн удмын язгууртнуудын эдэлж, хэрэглэж байсан үнэт эдлэлүүд”, “XIV-XV зууны үеийн Оросын төмөр урлалд гүйцэтгэсэн Алтан Ордын нөлөө”, “Оросын газар нутаг ба Алтан Ордын улс: харилцааны онцлог” зэрэг лекц унших ажээ.
ОХУ-ын Эрмитаж, Москва хотын Кремлийн музей, ОХУ-ын Түүхийн музей, Санкт-Петербург Улсын их сургуулийн эрдэм шинжилгээний номын сан зэрэг газраас авчирсан 150 гаруй ховор үзмэр бүхий “Чингис хааны үр сад. Орос орон ба дэлхий ертөнц” үзэсгэлэн гуравдугаар сарын 20-ны өдөр нээгдсэн бөгөөд нээлтэд "Чингис хаан” үндэсний музейн захирал, академич С.Чулуун оролцсон юм. Үзэсгэлэн 2026 оны долоодугаар сарын 19-ний өдөр хүртэл гарна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







