Монголд хоёр дахь удаагаа дроноор цус тээвэрлэв
Цус сэлбэлт судлалын үндэсний төв өнгөрөгч баасан гарагт цус, цусан бүтээгдэхүүн дроноор тээвэрлэжээ. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захиалсан донорын цусыг тус төвөөс ийнхүү агаараар тээвэрлэсэн бөгөөд шулуунаар 6 км гаруй замыг 10 минутанд туулсан байна. Монголд дроноор цус тээвэрлэсэн нь хоёр дахь удаагаа болж буй хэрэг бөгөөд анх 2025 онд мөн Цус сэлбэлт судлалын үндэсний төв туршилтаар хэрэгжүүлсэн нь амжилттай болж байжээ.
Донорын цусыг дроноор тээвэрлэх туршилт болон бодит хэрэглээ нь анагаах ухааны салбарт томоохон дэвшил авчирсан юм. Анх 2015 онд АНУ-ын Жонс Хопкинсын их сургуулийн судлаачид цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэх анхны туршилтыг амжилттай хийсэн бол 2016 онд Руанда улсад "Zipline" компани дэлхийд анх удаа дроноор цус тээвэрлэх байнгын үйлчилгээг албан ёсоор нээжээ. Энэ нь алслагдсан бүс нутгуудад цус, цусан бүтээгдэхүүн, эм бэлдмэлийг яаралтай хүргэн анхны тусламж үзүүлэх зорилготой байв. Дроноор цус тээвэрлэх нь юуны түрүүнд замын түгжрэл, бартаат замаас хамаарахгүйгээр цусыг эмнэлэг, өвчтөнд маш хурдан хүргэдэг давуу талтай. Ялангуяа төрсний дараа цус алдах үед хүний амь аврах гол хэрэгсэл болдог. Мөн зам муутай, байгалийн гамшгийн улмаас тусгаарлагдсан бүс нутгуудад цус хүргэх цорын ганц шуурхай арга юм. Орчин үеийн дронууд нь зориулалтын хөргүүртэй хайрцгаар тоноглогдсон байдаг тул цусны бүтэц, температурыг тогтмол түвшинд барьж, чанарыг алдагдуулахгүй тээвэрлэдэг байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







