Хог биш баялаг: Ном солилцохоос холио, солио хүртэл
Урин хаврын налгар өдрүүдтэй зэрэгцэн гэр орон төдийгүй амьдралын хэв маягаа “шинэчлэх” цаг иржээ. Хэрэглэхээ больсон зүйлсээ хаяхын оронд бусадтай хуваалцаж, дахин боловсруулах нь ирээдүй хойчдоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт билээ. Иймд энэ дөрөвдүгээр сард хуучин номоо солилцохоос эхлээд электрон хаягдлаа эдийн засгийн эргэлтэд оруулах сонирхолтой, бүтээлч аянуудыг нэгтгэн тоймлолоо.
Өөрт хэрэгтэй номоо гурван үгээр хайж олох уу?
Монгол улсын Үндэсний номын сангийн “Бүтээлч байгаль” танхимынхан хуучин номоо солилцох “Secret Shelf” төслийг дэмжин хамтран ажиллаж байна. Уншигчид энэ төсөлд хамрагдахыг хүсвэл элэгдэж муудаагүй номоо агуулгыг нь гурван түлхүүр үгээр илэрхийлэн бичиж зохион байгуулагчдад хүлээлгэн өгөх юм. Харин зохион байгуулагчид ямар ном гэдэг нь мэдэгдэхгүй байхаар боож бэлтгэнэ. Улмаар хуучин номоо өгсөн хүмүүс ном солилцох өдөрлөгт хүрэлцэн ирж түлхүүр үгээр баримжаалан өөртөө “шинэ” ном олж авах билээ. Ингэснээр уг төслийн унших дадлыг дэмжих, цаасны хог хаягдлыг бууруулах ээлтэй зорилго биелэх ажээ. Өдөрлөгийн тов болон дэлгэрэнгүй мэдээллийг та дараах холбоосоор хандаж аваарай. https://bitt.ly/ieQuie
_1775185353.jpg)
Электрон хаягдлаа яах вэ?
Цахилгаан барааны “Нэкст Электроникс” компани энэ сарын 30-ны өдрийг дуустал хэрэглэхээ больсон гар утас, зөөврийн компьютерийг хүлээн авахаар болжээ. Тус компани энэ арга хэмжээг сүүлийн хоёр жил хэрэгжүүлж 22450 ширхэг электрон хог хаягдал цуглуулж, дахин боловсруулан эх дэлхийдээ үзүүлэх сөрөг нөлөөг бодитоор бууруулах ажилд хувь нэмрээ оруулсан байна. Ингэхдээ хэрэглэхээ больсон гар утас, зөөврийн компьютероо авчирч өгөөд нэг сая төгрөгөөс дээш худалдан авалтад ашиглах 100 мянган эрхийн бичгээр сольж байгаа гэнэ.
_1775185377.jpg)
“Талхны уутаа битгий хаяарай”
Ерөнхий боловсролын сургуулийн 1-12 дугаар ангийн сурагчдын дунд “Талх Чихэр” үйлдвэрийн MORE B брэндийн хулууны үртэй талхны уут цуглуулах “Эко анги” аяныг энэ сарын 1-нээс эхлүүлжээ. Нийт 15 өдрийн турш явагдах тус арга хэмжээг “Талх Чихэр” компаниас зохион байгуулж байгаа бөгөөд бидний өдөр тутмын хэрэглээ болсон талхны уутыг ангиараа цуглуулан компанийн үйлдвэрт авчирч өгснөөр шагналын эзэн болох аж.
_1775185394.jpg)
“Холио, солио хийе ээ”
Танай гэрийн шүүгээ тавиур, агуулахад хэрэглэхгүй болсон ч байж л байдаг хувцас, ном, цахилгаан бараа, гэр ахуйн хэрэгсэл, гоёл чимэглэл байдаг уу? Та түүнийгээ хэрхэхээ мэдэхгүй байгаа бол хэрэгцээтэй байж болох хүнд нь өгөөд өөр зүйлээр сольж авах өдөрлөг болох гэж байгааг дуулгая. Хаана вэ гэж үү? Өнөөдөр, маргааш хоёр өдөр 12-15 цагийн хооронд Төв шуудангийн хойно Монтелын гудамжинд болно. Уг арга хэмжээнд оролцогчдод зориулан Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас эд зүйлсээ байрлуулах асар, ширээ, сандал зэргийг бэлдэж өгөх бөгөөд оролцох хүсэлтэй иргэдийг 80006700 дугаарт бүртгүүлэхийг зөвлөжээ. Мөн ховор сонин цуглуулгатай, эртний эд зүйл цуглуулах хоббитой бол энэ өдөр өөрийн нандин зүйлсээ бусадтай хуваалцах боломжтой аж.
_1775185413.jpg)
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







