Өвөр Монгол: Хөххотын компани Монгол улсад 25 тонн гахайн мах экспортлов
Өвөр Монголын Хөххотын гаалийн салбар болох Сайханы гаалийн газрын үзлэг, хорио цээрийн шалгалтад тэнцсэн “Жэнда Хүн-е Хүнс” ХХК-ийн 340 мянган юанийн үнэ бүхий 25 тонн хөлдөөсөн гахайн махны эхний багцыг Монгол руу өнгөрсөн баасан гарагт экспортод гаргажээ. Энэ нь Хөххотын махан бүтээгдэхүүн Монголын зах зээлд их хэмжээгээр нэвтэрч буй анхны тохиолдол болж байна. Сайханы гаалийн газар тухайн аж ахуйн нэгжийн экспортын үйл явцад онцгой анхаарч, үйлдвэрлэлийн шугам буюу гахайн үржүүлэг, нядалгаа, боловсруулалтаас экспорт хүртэлх бүтээгдэхүүний чанар, хүнсний аюулгүй байдлын бүх шат дамжлагад хяналт тавьсан байна. Мөн хөлдөөсөн махыг хадгалах, худалдан авагчид цаг тухайд нь хүргэхийн тулд "ногоон гарц" буй болгож, 24 цагийн гаалийн бүрдүүлэлтийн үйлчилгээ үзүүлжээ. Ингэснээр хяналт шалгалт, хорио цээрийн гэрчилгээг шуурхай олгох загварыг хэрэгжүүлж, гаалийн бүрдүүлэлтийн хугацааг эрс багасган, агуулах, ложистикийн зардлыг дорвитой бууруулсан хэмээн Хөххотын хэвлэлүүд мэдээллээ.
2024 оны эцсийн байдлаар Өвөр Монголд гахайн тоо толгой 6.63 саяд хүрч өссөн бөгөөд дотоодын хэрэгцээг хангахаас гадна гадаад зах зээлд, тэр дундаа ОХУ болон Төв Азийн орнууд руу экспортлох сонирхолтой байдаг. Хятад улс 2025-2026 онд гахайн махны илүүдлийг хязгаарлахын тулд эм гахайн тоог цөөлөх бодлого барьж байгаа бөгөөд 2026 он гэхэд нийт мэгжийн тоог 39 саяд барихаар төлөвлөжээ. Энэ нь Өвөр Монгол зэрэг гол бүс нутгуудын нийлүүлэлтэд нөлөөлж байгаа аж.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (1)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







