Швейцар: Эртний ховор эх сурвалжуудыг Монголын талд шилжүүлэн өгөв
Швейцарын Бернийн их сургуулийн номын санд хадгалагдаж байсан Монголын түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний хоёр номыг тус сургууль манай улсад шилжүүлэн өглөө. Хоёр номын эхнийх нь Төвөдийн их бясалгагч, яруу найрагч Мял богдын шүлэг найргийг эмхэтгэсэн “Мялын буман аялгуу” зохиолын монгол орчуулга бөгөөд уг орчуулгыг XVII зууны эхэн үеийн дуун хөрвүүлэгч Хөххотын Ширээт гүүш хийжээ. Энэ эх сурвалж нь Монголын Бурханы шашин, утга зохиол, орчуулгын түүхийг судлахад чухал ач холбогдолтой юм. Тэгвэл хоёр дахь ном нь 1716 онд Бээжинд хэвлэсэн модон барын “Гэсэр” тууль ажээ. Монгол бичгээр хэвлэсэн уг тууль бүрэн бус хувилбар боловч Монголын баатарлаг тууль, аман болон бичгийн уламжлалын түүхийг судлахад онцгой үнэ цэнтэй эх сурвалж хэмээн эрдэмтэд үзэж байна. Энэ хоёр ном судлаач Рихард Эрнстийн хувийн цуглуулгад хадгалагдаж байгаад Бернийн их сургуулийн номын санд шилжсэн байжээ. Хоёр эх сурвалжийг Монгол улсад шилжүүлэхэд Бернийн их сургуулийн Шашны шинжлэх ухааны хүрээлэнгийн профессор, доктор Каренина Коллмар Пауленц үнэтэй хувь нэмэр оруулсан бөгөөд монгол судлалын чиглэлээр түүний хийсэн олон жилийн судалгаа, мөн Бернийн их сургуулиас холбогдох дүрэм, журмын дагуу гаргасан албан ёсны шийдвэрийн үр дүнд энэ боломж бүрдсэн байна. Профессор К.Пауленц нь уг эх сурвалжуудын гарал үүсэл, түүхэн ач холбогдлыг тодорхойлон судалж, Монгол улсад буцаан олгох үйл явцыг идэвхтэй дэмжин ажилласныг Женев дэх Монгол улсын Элчин сайдын яам онцлон тэмдэглэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







