Иракт барьцаалагдсан Америкийн сэтгүүлч суллагджээ
Өнгөрсөн долоо хоногт Багдад хотод зэвсэгт этгээдүүдэд барьцаалагдсан Америкийн сэтгүүлч Шелли Киттлсон суллагдсан талаар "Associated Press" агентлаг өнөөдөр мэдээллээ. Нэрээ нууцлахыг хүссэн Иракийн албаны эх сурвалж тус агентлагт өгсөн мэдээлэлдээ, гэмт этгээдүүд Ш.Киттлсоныг Багдад хотод саатуулж байгаад мягмар гарагийн үдээс хойш сулласан гэжээ. Харин түүний одоо байгаа байршлын талаарх мэдээллийг нууцалсан байна. Ираны дэмжлэгтэй, Иракийн нөлөө бүхий зэвсэгт бүлэглэл болох "Катаиб Хезболла" Ш.Киттлсоныг суллах шийдвэр гаргаснаа мөн өнөөдөр зарлажээ. Тус бүлэглэл энэ шийдвэрээ "Ерөнхий сайд Мухаммед Шиа аль-Суданигийн эх оронч байр суурийг хүндэтгэж буйн илэрхийлэл" хэмээн тайлбарласан боловч дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. Өмнө нь АНУ болон Иракийн эрх баригчид тус бүлэглэлийг уг хэрэгт сэжиглэж байсан ч "Катаиб Хезболла" сэтгүүлчийг барьцаалсан гэдгээ өнөөдрийг хүртэл хүлээн зөвшөөрөөгүй юм.
49 настай, чөлөөт сэтгүүлч Шелли Киттлсон нь Ойрхи Дорнод, тэр дундаа Ирак, Сирийн асуудлаар мэргэшсэн, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн сурвалжлагч юм. Тэрбээр Италийн Ром хотод суурьшиж, хилийн чанадад олон жил ажилласан байна. Ш.Киттлсон бусад чөлөөт сэтгүүлчдийн адил томоохон хэвлэлийн байгууллагуудын хамгаалалт, дэмжлэггүйгээр, бага төсвөөр ажилладаг байв. АНУ-ын зүгээс түүнд учирч болзошгүй аюулын талаар удаа дараа анхааруулж байсан ч тэрбээр Иракийг орхин явахаас татгалзаж байжээ.
Иракийн аюулгүй байдлын албаны мэдээлснээр, барьцаалах ажиллагаанд хоёр автомашинтай хүмүүс оролцсон байна. Багдад хотоос баруун өмнө зүгт орших Эль-Хасва хотын ойролцоо нэг автомашин нь осолдсон ч гэмт этгээдүүд сэтгүүлчийг хоёр дахь машинд шилжүүлэн суулгаж, хэргийн газраас зугтаж чаджээ. Суллах ажиллагааны хэлэлцээ нэлээд саад бэрхшээлтэй тулгарч байсныг эх сурвалжууд онцолж байна. Ялангуяа "Катаиб Хезболла" бүлэглэлийн удирдлагууд АНУ-ын агаарын цохилтод өртөхөөс эмээж, нууц байдалд шилжсэн нь харилцаа тогтооход хүндрэл учруулжээ. Иракийн эрх баригчид сэтгүүлчийг суллахын тулд Сири дэх АНУ-ын бааз руу халдсан хэрэгт холбогдон саатуулагдсан "Катаиб Хезболла"-гийн зургаан гишүүнийг суллахад бэлэн байсан хэмээн хэвлэлүүд мэдээлж байна. Өнгөрсөн хугацаанд АНУ-ын Төрийн департамент болон Холбооны мөрдөх товчоо Ш.Киттлсоныг суллах чиглэлээр идэвхтэй ажиллаж ирсэн юм.
Сэтгүүлчдийн эрхийг хамгаалах байгууллагууд Ш.Киттлсоныг "хууль бусаар саатуулагдсан" буюу барьцаалагдсан этгээдийн ангилалд албан ёсоор оруулахыг АНУ-ын Засгийн газарт уриалж байсан бөгөөд ингэснээр төрийн зүгээс үзүүлэх хариу арга хэмжээний түвшин эрс нэмэгддэг байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







