"Tous les Jours" сүлжээ Монголд 1.7 сая ширхэг нарийн боов борлуулжээ
Өмнөд Солонгосын нарийн боовны "Tous les Jours" сүлжээ Монгол улсад үйл ажиллагаа явуулсан 10 жилийнхээ хугацаанд нийт 1.7 сая ширхэг бүтээгдэхүүн борлуулсан талаар уг сүлжээг эзэмшигч "CJ Foodville" компани өнөөдөр мэдээллээ. Энэ нь Монгол улсын хоёр хүн тутамд нэг нарийн боов ногдохуйц өндөр борлуулалт гэдгийг компани онцолжээ. БНСУ-ын нарийн боовны брэндүүдээс анхдагч болон 2016 оны тавдугаар сард Монголын зах зээлд нэвтэрсэн тус сүлжээ “Артизан" (Monbakery) ХХК-тай мастер франчайзын гэрээ байгуулан ажиллаж байгаа бөгөөд Улаанбаатар хот болон орон нутагт өнөөдөр нийт 24 салбар, 500 гаруй ажилтантай болсон байна. "CJ Foodville" компани Монгол дахь амжилтаа мастер франчайзын гурвалсан загвартай холбон тайлбарлажээ. Эдгээр нь зах зээлийн нарийвчилсан судалгааны үндсэн дээр найдвартай түнш сонгосон, бүтээгдэхүүн болон дэлгүүрийн үйл ажиллагааг төв байгууллагын нэгдсэн стратегиар удирддаг, мэргэжлийн туршлага, нөү-хауг франчайз эзэмшигчдэд дамжуулах стандарт систем аж.
Өмнөд Солонгосын үндэсний томоохон корпорацуудын нэг “CJ Group”-ийн харьяа "CJ Foodville" компани "Tous les Jours" сүлжээний хилийн чанад дахь анхны салбараа 2004 онд АНУ-ын Лос Анжелес хотод нээжээ. Улмаар Хятад, Вьетнам, Сингапур, Индонез зэрэг Азийн олон оронд байгуулсан бөгөөд 2012 оны Олимпын үеэр Лондонд салбар нээсэн байна. Сүлжээний Монгол дахь анхны салбар 2016 оны 10 дугаар сарын 31-нд “Хүүхдийн 100”-д нээгджээ. Tous les jours гэдэг нь "өдөр бүр" гэсэн утгатай франц үг юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







