Пабло Пикассогийн "Guernica" бүтээл юуг өгүүлдэг вэ?
Испанийн Баскийн өөртөө засах нутгийн Засгийн газар өнгөрсөн сарын 24-ний өдөр Испанийн Соёлын сайдтай уулзах үеэрээ "Guernica" бүтээлийг 2026 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс 2027 оны зургаадугаар сарын 30-ны өдрийг хүртэл Баскийн нийслэл Бильбао хотын музейн үзэсгэлэнд гаргах хүсэлт тавьсан байна. Баск нутаг бол Испанийн умард хэсэгт оршдог 3 сая орчим хүн амтай бие даасан бүс юм. "Guernica" гэдэг нь нэг талаар дээрх бүтээлийн нэр, нөгөө талаар Баскийн нутагт орших жижиг хотын нэр юм. 1937 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр Испанийн иргэний дайны оргил үед Нацист Германы арми болон Италийн агаарын цэргийн хүчин хамтран тус хотод агаарын цохилт өгсөн бөгөөд энэ нь энгийн иргэдийг чиглэсэн террорист халдлага байв. Халдлагын улмаас дээд тал нь 1654 хүн амиа алджээ. Энэ эмгэнэлт явдлын тухай сонссон даруйдаа Пабло Пикассо найман метр өргөн зотон даавуун дээр дайны хүчирхийллийг буруушаасан шилдэг бүтээлээ туурвижээ. Түүнээс хойш уг зураг дэлхий даяар дайны аюулыг буруушаасан бэлгэдэл болжээ. Франкогийн дарангуйллын үед нэрт зураач уг бүтээлээ эх орон руугаа хүргэхээс татгалзсан учир Нью-Йоркийн Орчин үеийн урлагийн музейд хадгалагдаж байгаад 1981 онд Испанид ирж, эдүгээ Мадрид дахь хатан хаан Рейна Софиагийн нэрэмжит үндэсний урлагийн музейд хадгалагдаж байна.
Баскийн ард түмний хувьд энэ нь зүгээр нэг урлагийн бүтээл биш, тэдний туулсан зовлон, төрийн хүчирхийлэл, дайн самуунаас үүдсэн гунигт дурсамжийг гэрчилсэн түүх юм. Энэ жил Герника хотыг бөмбөгдсөний 90 жилийн ой, мөн Баскийн өөртөө засах Засгийн газар байгуулагдсаны 90 жилийн ой тохиож буй. Эдгээр түүхэн үндэслэлийг дурдаад Баскийн Засгийн газар уг бүтээлээр үзэсгэлэн гаргах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн бөгөөд Баскийн Соёлын дэд сайд Ивонне Бенгоетчеа тээвэрлэлтийн зардлыг бүрэн хариуцаж, бүтээлийг хадгалахтай холбоотой бие даасан техникийн хороо байгуулна гэдгээ мэдэгдсэн байна. Гэвч Мадридын төв Засгийн газар бүтээлийн эмзэг байдлаас шалтгаалан зөөж тээвэрлэж болохгүй гэсэн байр суурьтай байна. "Guernica" бол 8 метр урт, 500 гаруй килограмм жинтэй, үндэсний үнэт өвийн ангилалд багтдаг соёлын агуу бүтээл бөгөөд ердийн тээврийн хэрэгслээр тээвэрлэх боломжгүй юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







