Нийслэлд хэрэгжиж буй 16 мега төслийн явцыг танилцуулав

Нийслэлд хэрэгжиж буй 16 мега төслийн явцыг танилцуулав


    Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, 2028 он хүртэл хэрэгжүүлэх 16 мега төслийн явцыг хэлэлцсэн талаар НЗДТГ-аас мэдээллээ.

   Нийслэлд

1. Улаанбаатар метро

2. Тусгай замын автобус (BRT)

3. Улаанбаатар Трам шугам -1

4. Улаанбаатар Трам шугам -2

5. Агаарын дүүжин замын тээвэр

6. Тойрог зам

7. Сэлбэ хот орон сууцжуулах төсөл

8. Туул усан цогцолбор

9. Дулааны тавдугаар цахилгаан станц

10. Хөрсний ус, үерийн хамгаалалт

11. Дэд төвүүдийг түшиглэн орон сууцжуулах төсөл

12. Баянхошуу орон сууцжуулах төсөл

13. Ханын материал орон сууцжуулах төсөл

14. Лаг шатаах үйлдвэр

15. Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх

16. Олон түвшний уулзвар

17. Туул хурдны зам төсөл

18. Хүннү хотын дэд бүтцийн төсөл

19. Эмээлт эко аж үйлдвэрийн парк зэрэг төсөл хэрэгжүүлж байгаа юм.

   Дээрхээс “Улаанбаатар метро” төслийн ерөнхий гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн эхний шатанд зургаан улсын 27 компани сонирхлоо илэрхийлсэн байна. Дараагийн шатны тендерийг долоодугаар сарын 3-нд нээх ажээ. Улаанбаатар метроны эхний шугамыг Толгойтоос Амгалан хүртэл 19.4 км тавих бөгөөд туулах хугацаа нь 31 минут байх юм. Метро ашиглалтад орсноор замын хөдөлгөөний дундаж хурд 23.3 хувиар нэмэгдэнэ гэж тооцоолжээ.

   Харин Азийн хөгжлийн банкны зээлээр хэрэгжүүлэх “Тусгай замын автобус” төслийн ТЭЗҮ боловсруулах ажил 90 хувьтай үргэлжилж байгаа аж. Энэ нь Ард Аюушийн өргөн чөлөө-Их тойруу-Намьянжугийн гудамж-Нийслэл хүрээ өргөн чөлөө чиглэлд төлөвлөж буй нийт 12.9 км урт, 19 буудалтай тусгай замын автобусны шугам байх юм.

   Мөн “Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийг өнгөрсөн гуравдугаар сарын 13-нд зарлан тендерийн материал хүлээн авч байна. Төслийн нийт төсөв 1.2 их наяд төгрөг бөгөөд 2026 онд санхүүжих дүн 325 тэрбум төгрөг аж. Нисэхийн бүсийг хотын төвтэй холбох “Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамыг 2028 онд барьж дуусгахаар төлөвлөжээ.

   Түүнчлэн Франц улсын нэн хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж буй “Дүүжин замын тээвэр” төслийн барилга угсралт 58 хувьтай үргэлжилж байна. Өөрөөр хэлбэл, Яармаг, Арцат–Хархорин, Өнөр хороолол чиглэлийн Дүүжин замын тээврийн 19 тулгуур баганыг бүрэн угсарч дуусчээ.

   “Нэгдүгээр тойрог зам” төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерт “China first highway engineering company limited”,“Shandong Luqiao Group Co., Ltd”, “China Railway 16th Bureau Group Co., Ltd”, “Чайна Гэжуба Групп Лимитэд Компани” тус тус материалаа ирүүлсэн байна. Нэгдүгээр тойрог замын трассын нийт урт 24.7 км бөгөөд үүнээс 13.7 км нэг түвшний 10 эгнээтэй гол гудамж зам, 2.08 км туннелийн хэсэгтэй, 9.03 км хоёр түвшний гүүр, гүүрэн байгууламжтай байхаар төлөвлөжээ. Мөн долоон байршилд олон түвшний дайран өнгөрөх уулзвар, явган хүний гурван гүүр, дөрвөн нүхэн гарцтай энэ төслийн нийт санхүүжилт 918.57  сая доллар юм. Тус замыг 2028 онд ашиглалтад оруулах бол “Хоёрдугаар тойрог зам” төслийн ТЭЗҮ боловсруулах ажил 95 хувьтай үргэлжилж байгаа аж.

   Мөн Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо буюу 5, 6, 7 буудал орчимд нийт 158 га газарт 8575 айлын орон сууц бүхий анхны жишиг “Сэлбэ 20 минутын хот” төслийн долоон багц бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна. Төслийн эхний ээлжийн 3818 айлын орон сууцыг 2027 оны III улиралд ашиглалтад оруулахыг өнөөдөр мэдээлэв. Харин “Туул усан цогцолбор” төслийн ТЭЗҮ-ийг боловсруулж байна. Уг төсөл нь гадаргын усыг хуримтлуулах шинэ эх үүсвэр бий болгож, урьдчилсан судалгаагаар 5569 га талбайд ус хуримтлуулж, 50-100 сая шоо метр ус нөөцлөх хүчин чадалтай байх юм. Далангийн урт 685.15 метр, өндөр 35.8 метр, хурдасны гүн 19.84 метр байх инженерийн шийдэл нь нийслэлийн өсөн нэмэгдэх усны хэрэгцээг урт хугацаанд хангах боломжтой. Төслийн хүрээнд Туул голын дээд хэсэгт (далайн түвшнээс дээш 1352 м өндөрт) боомт байгуулж, уг боомтын доод хэсэгт ус цэвэршүүлэх үйлдвэр болон бага оврын усан цахилгаан станц барих, мөн цэвэршүүлсэн усыг Улаанбаатар хотын төвлөрсөн ус хангамжийн системтэй холбох шугам хоолойг цогцоор нь байгуулахаар төлөвлөсөн байна.

   Мөн Дулааны тавдугаар цахилгаан станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барих гэж байгаа билээ. Энэ төслийн хүрээнд 26 нэгж талбар чөлөөлөхөөс өнөөдрийн байдлаар 20-ийг чөлөөлжээ. Тус станцыг 2028 онд ашиглалтад оруулснаар Улаанбаатар хотын дулаан хангамжийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, хотын баруун бүсийн дулааны хэрэглээг хангах юм. Тодруулбал, 40 мянган айл бүхий Таван шар, 21 дүгээр хороолол, “Хилчин” хотхон, Баянхошуу, 3, 4 дүгээр хороолол, нэгдүгээр хорооллыг дулаанаар, 100 мянга орчим өрх, аж ахуйн нэгжийг найдвартай цахилгаанаар хангах нөхцөл бүрдүүлэх ажээ.

   Монгол улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Хаягдал бохир ус цэвэрлэх байгууламжийг өргөтгөж, шинээр барьж, стандартын шаардлага хангасан ариун цэврийн байгууламжийг нэмэгдүүлнэ” гэж заасны дагуу Улаанбаатар хотод лаг хатаах, шатаах үйлдвэр байгуулах төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Төслийн нийт талбай ойролцоогоор 40 мянган м.кв байхаар тооцож, хотын төв цэвэрлэх байгууламжийн урд хэсэгт барихаар төлөвлөсөн бөгөөд ТЭЗҮ-ийн нарийвчилсан судалгаа хийж байгаа аж. Мөн Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, замын хөдөлгөөний нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх зорилготой “Олон түвшний уулзвар” төслийн таван байршилд инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах ажил дуусаж, Зам тээврийн яамны Хөгжлийн төвөөр магадлуулж байгааг мэдээлэв.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.